СЭЛЭНГЭ: Монгол мориороо бахархах өв соёлыг дэлгэрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-27 14:20:23

Мандал /МОНЦАМЭ/. Монгол түмний бахархал болсон монгол мориороо бахархах, дээдлэх өв соёлыг уламжлал болгон өвлүүлэх үүднээс “Адуучны өв соёл” наадмыг энэ сарын 25-ны өдөр анх удаа зохион байгуулав.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Холбоо толгойд болсон эл наадмыг тус сумын Адуучдын холбооноос санаачлан явуулсан байна.

 

Тус наадамд Сэлэнгэ аймгийн 5 сум, Төв аймгийн 2 сумаас адуучид ирж оролцжээ.

 

Наадмын хүрээнд жороо морины уралдаан, уурга, ташуур шүүрэлт, сайхан морь болон хос морьтон шалгаруулах зэрэг тэмцээнийг зохион байгуулсан байна.

 

Наадмын сайхан морьдын уралдаанд 15 морьтон оролцож, тэргүүн байрт Б.Амарсанаа, хос морьтны төрөлд нийт 7 хос оролцсоноос тэргүүн байрт Х.Зол-Эрдэнийн хос тус тус шалгарчээ.

 

Мөн уурга ташуур шүүрэх тэмцээнд Б.Юндэндорж тэргүүлсэн байна. Жороо морьдын уралдаанд 19 морь уралдаж, Сэлэнгэ аймгийн Гантөмөрийн бор түрүү магнай болсон байна.

 

Наадамд хуулийн дагуу 18 наснаас дээш насны унаач унаж уралдсан морьдын уралдаанд нийт 60 морь уралдаж, Мандал сумын харъяат Отгонбатын бор хурдалжээ.

Адуучны соёл наадмыг Мандал сумын ЗДТГ, Сум дундын Цагдаагийн хэлтэс хамтран зохион байгуулсан байна. 

Related news