ТӨВ: Хүүхдийн “Итгэлтэй утас” ажиллуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод /МОНЦАМЭ/ "Монголын цахилгаан холбоо" ХК-аас ерөнхий боловсролын сургуулиудад "Итгэлтэй утас"-ыг байршуулан ажиллуулж эхэллээ.
Тус утас нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой. Энэхүү утсыг сургуулийн захиргаа болон Эцэг эхийн зөвлөлөөс гаргасан хүсэлтийн дагуу Хүмүүн цогцолбор бага сургуульд суурилуулан холболт хийсэн нь аймгийн анхны "Итгэлтэй утас" болж байна.
Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд телефон
аппаратын зардлыг "Дэлхийн зөн-Төв" Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс суурилуулалт
болон нэг сарын хэрэглээний зардлыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн
газраас шийдвэрлэн, дэмжиж ажиллажээ.
"Итгэлтэй утас"-аар сард 200 минутын дуудлага хийх бөгөөд үүрэн холбооны аль ч сүлжээ рүү сурагчид үнэ төлбөргүй холбогдох боломжтой юм. Сургуулийн захиргаа болон Эцэг, эхийн зөвлөлөөс "Итгэлтэй утас"-ны ашиглалтын зардлыг шийдвэрлэх, мөн үр дүнтэй хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр багш, сурагчдад тодорхой зөвлөмж гарган ажиллахаар боллоо.