ХОВД: Музейн сан хөмрөгт 1003 дэсийн 3129 үзмэр хадгалдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-02 10:12:22

Жаргалант /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгодог уламжлалтай.

Үүний дагуу Ховд аймгийн Музейн хамт олон үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргаж, гуравдугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдэд үнэ төлбөргүй нээлттэй үйлчилж байна.  

Өнөөдөр Эх орончдын өдөрт зориулсан үзэсгэлэнг танилцуулж, төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын баатруудтай холбоотой хөшөө, баримал, хувцас, хэрэгслийг дэлгэжээ.

Ховд аймгийн музейн сан хөмрөгт нийт 1003 дэсийн 3129 үзмэр хадгалдаг. Үүнээс музейн зааланд 750 орчим үзмэр дэглэгдсэн ба түр үзэсгэлэнгээр 25 үзмэр танилцуулж байна.   

Тус музей нь баруун Монголын түүх, соёл, олон угсаатны бүлгүүдийн өвөрмөц ёс заншил, оюуны соёлыг олон нийтэд үзүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх сурталчлан таниулах ажлыг зохион байгуулдаг соёлын томоохон төв гэдгээрээ онцлогтой.

Орон нутгийн иргэдийг тус музейгээр зочилж,  үндэсний түүх, соёлоо таних мэдэхийг уриаллаа.

Related news