Япон Улсын буцалтгүй тусламжаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн засварын төслийг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-03-02 12:24:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн засварын төсөл-ийг хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар гарын үсэг зурав.

Төслийн хүрээнд тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн засварын ажил хийх юм.  


Тус сургуулийн хичээлийн байр олон жилийн эдэлгээний явцад цэвэр бохир усны шугамаас ус алдаж, хуучирч муудсан, угаалтуур болон суултуур эвдэрч, цахилгаан монтаж гэмтэл үүсгэдэг зэрэг асуудал тулгараад буй аж. Энэ удаагийн төслийг хэрэгжүүлснээр тус сургуулийн багш, сурагчид эрүүл, аюулгүй орчинд суралцах боломж бүрдэнэ гэдэгт найдаж буйгаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши илэрхийлэв.

Хүний эрүүл мэнд улс орны хөгжлийн үндэс юм. Боловсрол бол ирээдүйг дааж явах хүүхдүүдийн боловсрол нэн чухал салбар учраас Япон Улсын Засгийн газраас энэхүү төслийг хэрэгжүүлдэг.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Ц.Рэнцэнноров хэлэхдээ, “Манай сургууль 1938 онд байгуулагдсан. Нийт 1530 гаруй сурагч, 113 багш, ажилтантай. Манай сургууль Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөрт хоёр дахь удаагаа хамрагдаж байна. Эхнийх нь 2003 онд буюу 20 жилийн өмнө сургуулийн дээврийн засварыг хийж байсан бол өнөөдөр 800 сая орчим төгрөгийн өртөг бүхий сантехник, цэвэр бохир ус, цахилгаан монтаж гэсэн засвар хийх юм. Япон Улсын Засгийн газар, ард түмний буцалтгүй тусламжаар энэхүү төслийг хэрэгжүүлэх гэж буйд сургуулийнхаа нийт багш, хамт олны өмнөөс талархал илэрхийлье” гэв.


Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн 590 дэх, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх 26 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 201.890 ам.доллар буюу 684.231.715 орчим төгрөг юм.

“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газруудад голлох үүрэг гүйцэтгэдэг.





Related news