ДУНДГОВЬ: “Уран жиргээ-2023” аймгийн уралдаан энэ сарын 11-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-02 14:45:28
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Зууны манлай, алдарт уртын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Дорждагвын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, аймгийн Утга зохиолын нэгдэл хамтран “Уран жиргээ-2023” уран уншлагын аймгийн уралдааныг 3 дугаар сарын 11-нд Мандалговь хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна.

Тус уралдаан нь дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, тэдний дунд уран уншлагын урлагийг хөгжүүлэх, хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих зорилготой ажээ.

Цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд болон сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид, Политехник коллежийн оюутнууд насны 4 ангилалд монгол, гадаад зохиол, ёгт үлгэр, сургамжит өгүүллэгээс сонгон чөлөөт сэдвээр оролцож, ур чадвараараа өрсөлдөх юм.

Ангилал бүрд эхний дөрвөн шилдэг хүүхдийг шалгаруулах ба тэргүүн байр эзэлсэн сурагчид “Уран жиргээ” улсын уралдаанд оролцох эрх авах ажээ.



Уралдааны талаар “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын багш, Соёлын тэргүүний ажилтан А.Дэлгэрмаагаас тодруулахад “Манай театрын хувьд анх байгуулагдсан цагаасаа эхлэн “Уран жиргээ” уралдааныг 2 жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг. Өмнө нь хүүхдийн төлөө төв дээр бас зохиодог байсан. Намайг 7 настай байхад л энэ уралдаан болдог байсан.

Аливаа уралдаан тэмцээнд орж байгаа тохиолдолд хүүхэд бүр өмнөхөөсөө заавал хэд хэдэн шат ахиж байдаг. “Уран жиргээ” бол хүүхдийн хэл ярианы чадварыг дээшлүүлэх онцгой чухал ач холбогдолтой. Уралдаанд оролцохын тулд ном уншиж, зохиолоо эрж хайснаар бүтээлч сэтгэлгээ хөгждөг.

Тухайн зохиолоо амилуулж уншихын тулд хэл яриагаа сайжруулах, нүүр хагарах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, олны өмнө гарч сурах чадваруудыг суралцана.

Цаашлаад хүүхэд өөртөө итгэлтэй болж ниймгийн идэвх оролцоо нь сайжирна. Хүн өөрийгөө бусдад илэрхийлж таниулах нэрийн хуудас бол тухайн хүний хэл ярианы чадвараас ихээхэн шалтгаалдаг болсон энэ үед хүүхэд бүр илүү сайн мэрийлттэй оролцоосой гэж хүсэж байна.

Жилээс жилд хүүхдийн тоо нэмэгдэж байгаа нь маш сайн сайшаалтай явдал боловч хүүхдүүд ихэвчлэн уралдаанд орчихоод л больчихдог. Цаашлаад үүнийгээ гүнзгийрүүлж сурах хэрэгтэй

Манай хүүхдийн театр 2009 онд байгуулагдаж, 2014 оноос эхлэн Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр болон өргөжсөн. Одоо ардын болон уртын дуу, үндэсний хөгжим, язгуур урлаг, морин хуур, драм, бүжгийн дугуйлангууд хичээллүүлж байна” гэлээ. 



Related news