Агаарын чанарын судалгааг тус тусдаа бус, хамтарч хийх нь чухал гэдэгт санал нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-03 15:22:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /UNESCAP/-ын "Цэвэр агаар-Дээд түвшний чуулга уулзалт"-ыг Улаанбаатар хотод 2 өдөр амжилттай зохион байгууллаа.


Чуулга уулзалтын үеэр Сайд нарын түвшний дугуй ширээний уулзалт, Агаарын чанарын менежментийг сайжруулах нь, Сайн туршлага хуваалцах, чадавхыг бэхжүүлэх, Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа, Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх түншлэл сэдвээр салбар хуралдаан зохион байгуулж, агаарын бохирдлыг багасгахад улс орнууд ямар арга хэмжээ авч байгаа, цаашид юунд анхаарах, хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


Тухайлбал, өнөөдөр зохион байгуулсан "Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа" салбар хуралдаанд Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах нийгэмлэгүүдийн олон улсын холбооны Газрын дарга Сунву Ёонг Агаарын бохирдлыг хэмжих станцтай байх нь чухал ч дата мэдээллийн чанарыг хадгалах нь түүнээс чухал болж байна. Иймд хуучирсан тоног төхөөрөмжөө халах, мэдээллээ олон нийтэд хүргэхдээ ямар суваг ашиглахад анхаарах хэрэгтэй. БНСУ гэхэд агаарын бохирдол стандартаас давсан тохиолдолд нийтэд харагдуулах үүднээс хамгийн өндөр цамхагтаа мэдээллээ цацсанаар хүмүүс амны хаалт зүүдэг. Мөн жишээ дурдахад, ОХУ-ын гангийн үйлдвэр төвлөрсөн Новокузнецк хотод 2019 онд судалгаа хийхэд агаарт хар манан татсан харагдах ч хэмжигч станцууд нь үйлдвэрийн орчинд бус ой дунд, зохисгүй байршилд байсан нь агаарын чанарын мэдээлэлд нөлөөлнө. Түүнчлэн, стандарт нэвтрүүлэхдээ улс орны онцлогийг харгалзах нь зөв. Агаарын бохирдлын судалгааг олон байгууллага 40 жил тусдаа хийж ирлээ. Үр дүн муу байгаа тул хамтарч нэгдэн судалгаа хийх нь чухал байна. Ядаж хөрш оронтойгоо хамгийн түрүүнд хамтран ажилламаар байна” гэв.


ДЭМБ-ын 2015 онд зохион байгуулсан 68 дугаар чуулганы үеэр агаарын бохирдол хүний эрүүл мэндэд урт хугацаанд нөлөөлж, зүрх судасны өвчнөөр өвдөх болон жирэмсэн ээжид нэн халтай гэж үзжээ. Бодлогын түвшинд ярихаас гадна газар дээр нь ажиллах ёстойг оролцогчид хэлж байлаа.


Мальдив улс агаарын чанарыг сайжруулах хүрээнд эко арлуудыг нэрлэж, тэдгээрт зөвхөн эко машин ашиглан, хүлэмжийн хий бага ялгаруулдаг тээврийн хэрэгсэл импортлох төсөл хэрэгжүүлж байна. Агаарын чанарыг хэмжих 9 станцтай ч хүний нөөц дутагдалтай, техникийн чадамж сул учир нарийн мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч байна. Харин Иран улсын хувьд хил дамнасан элсэн, шороон шуурга тулгамдсан асуудал, бүс нутгийн хэмжээний гамшиг болсон тул хамтран шийдэхэд анхаарч байна. Тус улс одоогоор сэргээгдэх эрчим хүч ашиглахад анхаарч, ногоон технологид татварын хөнгөлөлт үзүүлж байгаа аж.


Манай улсын хувьд орон даяар агаарын хэмжилт хийдэг 32 төхөөрөмж, нийслэлд 18 автомат станц бий. Хөдөө орон нутагт 25 станц гар аргаар дата гаргаж авдгийг өөрчлөх шаардлагатайг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал тэмдэглэв. Түүнчлэн, Монгол Улс бүс нутгийн сүлжээнд нэгдэхээс гадна дата мэдээллийг чанартай, хүртээмжтэй болгох нь чухал байгаа юм. 


        Агаар цэвэршүүлэгч хэрэглэж байсан эхээс төрсөн нярай бусад хүүхдээс илүү жинтэй төрж байна


Монгол Улсад амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтэн, зүрх судас, архи, автозамын осол нь нас баралтын гол шалтгаан болдог. Сүүлийн үед зүрх судасны өвчлөл ихсэж байгааг "Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа" салбар хуралдааны үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд тэмдэглэлээ.


Тэрбээр, “Амьсгалын замын болон зүрх судасны өвчнөөс үүдсэн нас баралтад гадаад орчны нөлөө” судалгааг 2021 онд хийхэд уушгины хатгалгаа 18, уушгины архаг үрэвсэл 13, тархины өвчлөл 30, зүрх судасны өвчлөл 31 хувьд нөлөөлсөн дүн гарсан. Агаарын бохирдол хүүхдийн биеийн өсөлт, хавдрын өвчлөлд нөлөөлж буй судалгааг холбогдох түвшний хүмүүст танилцуулж, тодорхой ажил хийж байгаа”-г дурдсан юм.


Манай улс 2017 онд 0-18 насны хүүхдийн эмчилгээнд 10.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Хэрэв агаарын бохирдлыг багасгахгүй бол энэ тоо 2025 онд 24.8 тэрбум төгрөг болж өснө. Мөн 100 мянган хүн тутамд 6.6 бүртгэгдэж байсан багтраа өвчин 2027 онд 17 болж нэмэгдэх эрсдэлтэй. Улаанбаатар хотын агаарт PM 2.5 тоосонцор нь 1 нэгжээр нэмэгдэхэд 0-5 насны хүүхдийн эмнэлэгт хэвтэх тоо 15 хувиар нэмэгдэх бол нэг нэгжээр багасахад өвчлөл 11, нас баралт 5 хувиар багасна. Мөн ургийн өсөлтөд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж буй угаарын судалгаа хийхэд өрөө тасалгаандаа агаар цэвэршүүлэгч хэрэглэж байсан ээжээс төрсөн нярай бусад хүүхдээс дунджаар 84 гр илүү жинтэй, 0.4 см урт төрж байгаа аж. 

Related news