ТӨВ: Музейн нээлттэй өдрүүдээр 262 иргэн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-03 20:54:55

Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймгийн Музей нээлттэй долоо хоног зарлаж том хүн 150, хүүхэд 112 нийт 262 иргэн үзмэр болон үзэсгэлэнтэй танилцжээ. Энэ удаагийн нээлттэй өдрүүдээр Монгол Арт галерейтэй хамтран дэлгэсэн “Нүүдлийн үзэсгэлэн” болон Угтаалцайдам сумын харъяат ахмад сурган хүмүүжүүлэгч Л.Бавуугийн "Оньсон бүтээл"-ийн үзэсгэлэнг онцлон үзүүллээ.


    

Нүүдлийн үзэсгэлэнд уран бүтээлчдийн бүтээлүүд, Төв аймгийн нэрт зураач МУУГЗ Н.Адъяабазар нарын 30 гаруй бүтээлийг олны хүртээл болгосон юм. 



Харин “Оньсон бүтээл"-ийн үзэсгэлэнд 15 бүтээл дэлгэснээс хэлбэр дүрсийн хувьд барилга болон тавилгын загвар, эд зүйлсийг дүрслэн бүтээжээ. Энэхүү үзэсгэлэн нь 3 дугаар сарын 3-наас 5 дугаар сарын 5-ны хооронд Төв аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэнэ. 


Монгол түмэн үр хүүхдийнхээ оюун ухааныг саруул уужим болгон хүмүүжүүлэх ардын тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгожээ. Түүний нэг нь монголчуудын хэдэн зууны турш өвлөж ирсэн оюуны бүтээл болох оньсон тоглоом юм. Монгол ардын тоглоом наадгай нь олон төрөлтэй бөгөөд өвөг дээдсээсээ уламжилсан 15 төрлийн 3000 шахам тоглоом наадам бий. 


Related news