Миний мэдэх Д.Ёндон сайд

ТОЙМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-03-04 13:26:43
@ShoovdorBatbold

-Ахмад дипломатч, Японы мэдээллийн "Киодо цуушин" агентлагийн Монгол дахь төлөөлөгч-сурвалжлагч Булгадар овогт Чүлтэмийн Намчингийн дурсамж-


Гадаад явдлын яаманд бидний үед ажиллаж байсан бараг бүх хүн Д.Ёндон сайдыг Ё сайд гэж авгайлдаг байв. Надад энэ их хүний удирдлагад яамны төв аппаратад 5 жил ажиллах завшаан тохиолдож билээ. 


Миний бие 1981 оноос Азийн хэлтэст шилжиж Монгол, Японы харилцааг хариуцаж ажиллах болсон юм. Манай хэлтсийг Ё сайд хариуцна. Бидний боловсруулсан баримт бичгийг өдөрт нь гаргаж өгнө. Бидний бичсэн баримт бичгийг дутуу дулимаг болсон байна гэж буцааж байсан тохиолдлыг би лав санадаггүй юм. Дутуу дулимаг болсныг нь өөрөө гүйцээж өгдөг байж билээ. Харин манай хэлтсийн даргаар ажиллаж байсан нэг эрхэм зарим нөхдийн боловсруулсан бичиг баримтыг чухам юу нь болоогүй тухай ямар ч тайлбаргүйгээр голно, буцааж чулуудна. Хүнээ юманд сургаад авъя гэсэн сэтгэлгүй, аль болох дарамтлах, доошоо хийх, гадагшаа гарч, хэлтсийнхээ хүмүүсийг муулахыг урьтал болгодог нэг тийм дарга байж билээ. Тэнгэрт халигсдын тухай юм яримаар байвал зөвхөн сайнаар дурсаж бай гэж нэг үг байдаг учраас нэрийг нь дурссангүй. Уул нь нэргүйгээр ч гэсэн тийм дарга байсан тухай дурсах зорилго тавиагүй. Харамсалтай нь, тэр үеийн бидний ажиллаж амьдарч байсан тухай эргэн санахаар биднийг удирдаж байсан тэр нэгэн дарга өөрийн эрхгүй санаанд орж ирээд байсныг энд учирласу.


Тухайн үед надтай хамт ажиллаж байсан, зохиолч, яруу найрагч болсон Долгорсүрэнгийн Доржготов нүүр номын хуудаснаа тэр үеийн байдлыг ийнхүү дурсаж бичсэнийг доор сийрүүлэв. “Энэ эрхэмтэй тухайн үеийн ГЯЯ-ны Азийн хэлтэст нэгэн өрөөнд олон жил хамт суусан. Их цэмцгэр, шаргуу зүтгэлтэй, шударгуу нэгэн. Хожим дурсахад олон сайхан дурсамж үлдсэн байна. Зарим удирдлагын хуучинсаг арга барилыг тэвчилгүй, санаа бодлоо шуудхан хэлчихээд “адлуулж”, тэгэхдээ өвөр зуураа санаа нэгтэй учир гудиггүй инээлдэж явсан үе бий. Харин нэгдүгээр орлогч сайд агуу их Ёндон гуай бидэнд их түшиг болж, том “хамгаалалт” болж явсаар ил тод, нээлттэй, өөрчлөн байгуулалтын урин дулаан цаг ирж, бидний “хүлээс” тайлагдаж билээ".


Ё сайд ер нь их далайцтай сэтгэж, идэвх санаачилгатай ажилладаг байж билээ. Өөрийн хариуцсан салбараар хязгаарлагдаж явцуурахгүй. Гэхдээ бусад орлогч сайд нарын хариуцсан салбар руу хальж ороод байдаггүй байсан. Гадаад харилцааны салбарт анхаарал татаж байсан бүх асуудлыг маш нарийн сайн мэддэг байлаа.

Энэ бол 1986 оны 9 дүгээр сарын 20. Туулын шугуйд. Зураг дээр ширээ тойрон суугаа хүмүүсийн  зүүн гар талаас нэрлэе. ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Х.Кобаяши (хожим Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болсон) Үүнийг тэрлэгч  Ч.Намчин, ГЯЯ-ны Азийн хэлтсийн дарга Д.Цэрэндондов, Д.Ёндон, Элчин сайд Я.Ота, Японы Элчин сайдын яамны ажилтан Тацуки. 

Энэ өдөр ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон Япон улсаас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ота-г хүн амьтны нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохооргүй газар урьж аваачин АНУ, БНМАУ-ын хооронд харилцаа тогтоох асуудлаар албан ёсны хэлэлцээг сэргээх санаачилгыг АНУ-ын талаас гаргуулах сонирхолтой байгаагаа итгэмжилсэн байдлаар танилцуулж, АНУ-ын талд зуучилж өгөхийг хүссэн юм. АНУ-тай харилцах асуудлыг Ё сайд хариуцдаггүй байв. Тэгээд яагаад энэ асуудлыг ярих болов гэсэн асуулт гарна. Жил бүрийн 9 дүгээр сарын 20 гэдэг бол Нью-Йорк хотноо НҮБ-ын чуулган эхэлчихсэн, манай яамны сайд тэргүүтэй төлөөлөгчид уг чуулганд оролцохоор явсан байдаг үе. Ё сайд маань ГЯЯ-ны сайдыг орлон ажиллаж байсан энэ цаг хугацаанд гадаад харилцааны холбогдолтой ямар ч асуудлаар  улсаа төлөөлж хэнтэй ч ярих эрхтэй болсон байсан гэсэн үг.


Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоохтой холбогдсон асуудлаар Ота сайдаар хийлгэсэн зуучлал юу болж дууссан тухай Ё сайд “Үнэн учрыг өгүүлбээс” номондоо юу гэж бичсэнийг одоо сонирхоцгоое. “Зуны нэг налгар сайхан өдөр Япон улсын Элчин сайд Ясухико ОТА-г Улаанбаатар хотоос төдий л холгүй орших зугаалгын газарт урьж хоол зоог барьж, агаар салхинд явж элдвийг ярилцах зуур хувийн санаачилгаар ганц, хоёр зүйлийг эвтэйхэн ойлгуулахыг хичээв. Элчин сайд Ота өөрөө нарийн ширийн юм асуух дуртай боловч хүний ярьж буй зүйлийн өнгө аясыг тэр болгон сайн ухаарахгүй байртай байв. Гэвч Япон улс АНУ-тай ойр дотно харилцаатайг бодож Элчин сайдтай албан бусаар зөвлөлдөж ярьсан нэгэн зүйл нь Монголын тал АНУ-тай харилцаа тогтоох хэлэлцээгээ сэргээх боломжтой байгааг эвтэй боломжтой хэлбэрээр Америкийн талд сонордуулах арга буй эсэхийг тандаж лавласан хэрэг билээ. Түүнээс хойш хэдхэн хонотол Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-ны нэгэн дипломатч бидэнтэй уулзаж ярилцахаар хүрэлцэн ирсэн тул хүлээж авна уу гэж Японы ЭСЯ-наас ГЯЯ-ны Азийн хэлтэст утасдаж мэдэгдсэн байв. Учрыг лавлаваас Ота сайдтай ярилцсаны дагуу ирсэн хүн гэнэ. Элчин сайд Отаг асуудлыг ингэж тас түс тавьж Америкийн дипломатчийг дуудаж ирүүлнэ гэж огтхон ч санасангүй билээ. Маргааш өдөр нь элчин сайдыг өөрөө ирж уулзахад түүнд хэд хоногийн өмнө ярьсан зүйлийнхээ утга санааг дахин тайлбарлаж, Бээжингээс ирсэн дипломатчийг хүлээн авах боломжгүйгээ мэдэгдэхээс өөр аргагүй байлаа. Энэ хэрэг явдал ашгүй чимээ шуугиангүй өнгөрсөн бөгөөд эв хаваа олохгүй хүнтэй элдвийг ярьж тохиролцох гэдэг тун ч амаргүй юм билээ” хэмээн бичсэн байдаг юм. 


Монгол, Америкийн хооронд 1987 оны нэгдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон билээ.


Миний бие Токио дахь ЭСЯ-нд ажиллахаар 1987 оны зун томилолт авав. Намайг томилогдож очих үед Элчин сайд Б.Дашцэрэн ЮНЕСКО-д сонгуульт ажлынхаа шугамаар хуралд оролцохоор хэдэн сараар явж таарсан учир түр хамаарагчаар намайг томилж ажиллуул гэсэн тушаалыг миний аваачсан дипломат шуудангаар хүргүүлсэн юм. Нэг, хоёрдугаар нарийн бичгийн дарга нар байсаар байтал яагаад 3 дугаар нарийн бичгийн даргаар томилогдсон хүнийг  түр хамаарагч болгодог билээ гэдэг асуудал “хойд” яамнаас гарсан гэдэг. Үүнд “Ё” сайд“ түр хамаарагч нь манай хүн байх ёстой” гэсэн хариулт өгсөн гэдгийг бүр хожим сонсож билээ. Ё сайд 1990 оны 9 дүгээр сард Япон улсад суух элчин сайдаар томилогдож очив.


Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох асуудлыг 1965 оноос хойш хөөцөлдөж эхлээд 2000 оны эхний хагас хүртэл хоёр орны харилцааны асуудлыг ямар нэг хэмжээгээр тасралтгүй хариуцан ажиллаж, эцэст нь манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Марохито ХАНАДА "Алтан аргамж" номын 10 дугаарт нийтлэгдсэн “Миний мэдэх Ёндон сайд” дурсамжийг уншиж үзээд уг дурсамжийг тэрлэгчид Ё сайдын талаар бичиж ирүүлсэн хэсгийг дор сийрүүлэв. “Ёндон сайд Япон улсад суух Элчин сайдаар томилогдсон нь миний хувьд их аз завшаантай, бас баярлууштай үйл явдал байлаа. Яагаад гэвэл, Монгол Улсын зүгээс манай оронтой харилцах бодлого тодорхойлоход хамгийн их үүрэг гүйцэтгэж ирсэн сайд хүн учраас хойшид манай хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дөхөмтэй болно гэж бодож байсан юм. Тийм учраас би нэгд, баярласан сэтгэлийн илэрхийлэл болгож, хоёрт, дипломат ёсонд бас ач холбогдол өгдөг учраас сайдын ИЖБ-ийг  арай эрт Эзэн хаанд бариулахаар бэлтгэлийг нь хангасан билээ. Ёндон сайдыг манай улсад суух элчин сайдаар ажиллах хугацаанд Хэйсэйгийн Цог Жавхлант Эзэн Хаан Токиод суугаа гадаадын элчин сайд нарыг нэг удаа үдийн зоогт урьсан юм. Уг зоогт 100 гаруй орны элчин сайд нар уригдаж ирсэн бөгөөд Ёндон сайдын суудал Цог Жавхлант хатан хаан Мичикогийн хажууд таарсан юм. Би хатан хааны орчуулагчаар ар талд  нь суусан. Тэр үед хатан хааны хоолой өвдсөн учраас юм чанга ярьж чадахгүй байсан юм. Ёндон сайд бурхан багш хүмүүст бичиг үсэг хэрхэн заасан тухай хөгжилтэй нэг ёсны онигоо маягийн юм ярьж өгсөнд хатан хаан тачигнатал хөхөрч билээ. Олигтой чанга ч ярьж чадахгүй байсан хатан хаан гэнэт тачигнатал инээсэнд тэнд байсан япон хүмүүс гайхсан юм. Тэгж чанга инээснээс болсон уу яасан хатан хааны хоолой тэр мөчөөс хойш зүгээр болсон билээ. Намайг сайн орчуулсны  ач тус гэж магтацгаасан тул надад ч бас мартагдахааргүй сайхан сэтгэгдэл үлдэж билээ. Ёндон сайдад зориулж миний хийсэн хамгийн сүүлчийн ажил бол 2002 онд би тэтгэвэрт гарахаас арай өмнөхөн сайдыг эзэн хааны шагналд тодорхойлж уг шагналаар шагнуулсан явдал юм. Ёндон сайд шиг шударга дипломатч ховор”. Ханада сан Ёндон сайдын талаар ийнхүү бичиж ирүүлсэн болой.


Ё сайд маань Японы Цог жавхлант эзэн хаан Акихитод Итгэмжлэх жуух бичгээ гардуулахаар Хааны ёслолын албаны даргад бараалхаж байгаа нь. Миний бие эзэн хаанд гардуулах ИЖБ-ийг дотор нь хийсэн цүнх барин цаанаас ирж явна. Миний араас худалдаа эдийн засгийн харилцааны асуудал хариуцан ажиллаж байсан Дэжидийн Баянбат айсуй. ИЖБ -ийг эзэн хаанд өргөн барихад элчин сайд болон ЭСЯ-ны ажилтнуудад тус бүрт нь цаанаас унаа гаргаж өгдөг уламжлалтай. Өөр өөрсдийн унаагаар очсон бид элчин сайд маань ёслолын албаны даргатай уулзаад мэндэлж байхад бид уван цуван араас нь очиж байгаа нь тийм учиртай.

Миний томилолт дуусч 10 сард буцахаар болсон байв. Ё сайдын ИЖБ-ийг тийнхүү даруйхан хүлээж авсан нь манай хүнийг Японы тал ихэд хүндэлж, хоёр орны харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэж чадах хүн гэж найдлага тавьж байгаагийн  илрэл болов уу гэж тухайн үед бодож байж билээ. Ё сайдад Японы тал их найдлага тавьж, тэр хүний санал санаачилгад ихэд хүндэтгэлтэй хандаж байсан нь хожмын үйл явдлуудаар нотлогдсон юм. Элчин сайдаар томилогдож очоод нэг жил ч болоогүй байж Ерөнхий сайд Тошики Кайфу-г Монголд айлчлуулав. Энэ бол хөрөнгөт ертөнцийн орнуудаас Монголд хийсэн Ерөнхий сайдын хэмжээний анхны айлчлал байсан болов уу. Харамсалтай нь хувьсгал хийсэн гэж өөрсдийгөө дөвийлгөж, цээжээ дэлддэг манай “ардчилагчид” Ё сайдыг 2 жилийн дараа буюу 1992 онд эгүүлэн татаж билээ. Гавьяаныхаа амралтад гараад 10 жил болсны дараа  2002 онд  Японы эзэн хаан Акихито алт, мөнгөн од зэрэглэлийн “Мандах нар" одонгоор  шагнасан нь энэ хүний хоёр орны харилцаанд оруулсан хийгээд оруулах байсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж байсны бас нэг тод илрэл байх аа гэж боддог юм.


Бид хоёрын  нөхөрлөл

Ё сайд бид хоёрын хувийн нөхөрлөл 1992-оос 2017 он хүртэл яг 25 жил үргэлжилсэн байна. Яагаад ийм олон жил үерхэж нөхөрлөх болов гэвэл Ё сайд гавьяаныхаа амралтад гарсан байнгын завтай, миний  хувьд цагт баригддаггүй  ажилтай байсных. Ё сайд ажлаа хийж байхдаа хот болон хөдөө унадаг албаны машинтай байсан. Ажил албатай байхдаа хөдөө гадаа салхинд их гардаг байсан гэдэг. Тийм болоод ч тэр үү, тэтгэвэрт байхдаа боломж л олдвол хотоос зайдуу салхинд гарах санал тавьдаг байж билээ. Заримдаа бензин, тосыг нь хийнэ шүү гэнэ. Хааяа машин хөлслөөд явцгаая, мөнгийг нь би гаргая, Намчингийн машинаар явахаар энэ нөхөр чинь хөдөө очоод аяга тагш юм ууж чадахгүй юм байна шүү дээ гэж хамт явах нөхдөд хэлнэ. Би хувьдаа Ё сайдыг хөдөө гадаа авч явж байхдаа  нэг ч удаа бензин, тосны хандив авч байгаагүй билээ. 1991 онд би нэг УАЗ-469 авсан юм. Тэр машинаар бид ойр зуур салхинд нэлээд гарсан даа. Орхон САА хүртэл явж, манай хадам аав М.Жамьян, Орхон САА-аас төрсөн хөдөлмөрийн баатар Гончигбал нарын гэрээр зочилж, замдаа ан гөрөө тааралдвал авлах санаатай буу шийдэмтэй явж байж билээ. Энэ бол тэрхүү УАЗ-469-өөр хийсэн Ё сайд бидний хамгийн алсын аялал шиг санагдана. 


Гүйдэлтэй  газар

Тэр машинаар хотын ойролцоо салхинд гарах үед тохиолдсон нэгэн адал явдал ер санаанаас гардаггүй юм. Тэр тухай бид хожим нь олон дахин дурсан ярьж инээлдэцгээдэг байж билээ. Ерэн таван он шиг санагдаж байна. 4 сард тэнгэр жаахан хуйсганаж, цас бударсан нэгэн өглөө Ё сайд, Элчин сайд И.Очирбал, Элчин сайд Ч.Болд бидний 4 хүн миний УАЗ-аар салхинд гарахаар хотоос зүүн зүгт хөдөлцгөөв. Чухам хаана очихоо урьдчилж товлоогүй, явж байгаад л шийдэхээр хөдөлцгөөж билээ. Гачууртаас хойшоо Шар хоолой руу өгсөж болох юм, Гачууртаас зүүн тийшээ манай яамны намарт хадлан авдаг Хуанди, Дээнди руу очиж болох юм гэж ярилцаж яваад  Хуанди, Дээнди руу очихоор шийдэцгээв. Явсаар очих газраа хүрэх үед салхи нилээд ширүүсэх янзтай болж ирэв. Цас ч бударсаар л байлаа. Нөмөр газар эрсээр явж дотуураа модтой нэгэн нилээд гүн жалганд буудалцгаав. Хээрийн тогоогоо гаргаж оосроор нь хоёр модноос татаж уяаад  гал түлж, мах ногоогоо хийж орхиод, тогооноосоо 20-30 метр орчмын газарт  байсан нэгэн саглагар модны нөмөрт тухлахаар шийдэцгээв. Машинаас гудас дэвсгэрээ буулгахаас өмнө замдаа дөрөө чангалсан манай сайд нар нэг шил юм гаргаж зогсоогоороо нэг аягаар тойруулав. Нас залуугаараа би сөнө түшив. Ё сайдад эхний хундагыг барив. Тогтоочихлоо. Дараа нь насны эрэмбээр И.Очирбал гуайд барив. И.Очирбал сайд хундагатай архиа тогтоонгуут л гэдрэгээ ойччихов. Замд дөрөө чангалсан хэмжээ бол хүн уначихаар байгаагүй. И.Очирбал гуайг харсан Ё сайд нэг гараараа модноос барьчихсан жигтэйхэн хөхөрч байна. Дараачийн хундагыг Ч.Болд гуайд барив. И.Очирбалыгаа нилээд шоолонгуу харж байсан Ч.Болд маань хундагатай архиа хөнтрөнгүүт бас гэдрэгээ тэрийгээд явчихлаа. Тэр хоёрын ойччихыг харсан Ё сайдын инээд нь ер зогсдоггүй.  Нөгөө хоёрыг арайхийж татаж босгоод хэдүүлээ тогоотой хоолон дээрээ иртэл тогоо нь цоороод шөл нь гоожчихсон, гал нь унтарчихсан байж байв. Тогоо И.Очирбалынх. И.Очирбал гуай “шинэ шахуу тогоо юмсан, цоорчихдог мөн хачин юм аа“ гэж байна. Арай гүйдэлтэй газар буусан юм биш биз, эндээс хөдөлцгөөе гэсэн санал бидний дундаас гарч бүгдээрээ зөвшөөрч  хамаг юмаа хамж аваад тэндээс бушуухан холдож  билээ. 


Нягт нямбай байдал, ажиллах оюуны  өндөр чадвар

“Ё” сайдын нягт нямбай  байж, цагийг ягштал баримталж, хийхээр зорьсон зүйлээ хэзээ ч хойш тавьдаггүй чанар 2017 оны  1 дүгээр сард бурханы орныг зорих хүртэл биеэс нь ер холдсонгүй. Энэ бол “Ё” сайд төрөл арилжитлаа  ухаан саруул, бие тэнхлүүн байсных бизээ.  Тэнгэрт халихаасаа нэг жилийн өмнө  буюу билгийн тооллоор 90 насны босгыг алхасны дараа “Үнэн учрыг өгүүлбээс” хэмээх дурсамжийн номоо хэвлүүлэв. “Ё” сайдын дурсамжийн номыг хэвлүүлж, борлуулахад  Ц.Гомбосүрэн сайдын хүнлэг сэтгэл, төр, нийгмийн зүтгэлтэн явсан  хүний зангараг  хоёр гол үүрэг гүйцэтгэснийг  дурсахгүй байхын аргагүй. Уг номыг 400-500 хувь хэвлүүлсэн гэдэг байх. Хэвлүүлж, борлуулахыг зуун хувь Ц.Гомбосүрэн  сайд өөрөө “сайн дураараа” хариуцсан юм.  Дурсамжийн номын мялаалгыг  2016 оны намар Ц.Гомбосүрэн сайд цөөхөн  хүмүүсийн хүрээнд Чингис хаан зочид буудалд зохион байгуулав.  Энэ арга хэмжээнд  ГЯЯ-ны сайд асан Л.Эрдэнэчулуун, Ц.Мөнх-Оргил, элчин сайд  П.Үржинлхүндэв,  Ж.Ломбо, Л.Оргил, ажлын гараагаа Гадаад яамнаас эхэлж, сүүлд бизнес болон өөр ажилд шилжсэн Ж.Од, С.Мөнхбат болон миний бие  уригдан оролцох түүхэн завшаан тохиов.   


Ц.Гомбосүрэн  сайд  уг  арга хэмжээнд оролцсон хүмүүсээс цугласан чин сэтгэлийн хандивыг “Ё” сайдад гардуулж, үг хэлэхдээ “...10 гэсэн бүхэл тоонд  хүргэчих бодолтой байсан юм. Санасан тоонд арай хүрсэнгүй...” гэж байсан  санагдана. “Ё” сайд бидний өчүүхэн хандивыг хүлээн авч тэргүүндээ хүргэн тавьж билээ. Хүндтэй хүн гардуулсан болохоор  тэргүүндээ хүргэсэн байх, түүнээс биш мөнгөнд мөргөхөөр хүн биш л юмсан гэж тухайн үед бодогдож байж билээ. “Ё” сайд тэрхүү арга хэмжээ болж өнгөрсний дараа  надтай уулзахдаа, “амьдралдаа анх удаа тийм их мөнгө гар дээрээ тавьж үзлээ. Үхтлээ эмнэлгийн зардлаас айхааргүй мөнгөтэй боллоо” гэж байж билээ. 


“Ё” сайдтай 25 жил уулзаж учирч явахад  болзсон цагаасаа хоцорч юм уу, амласан амлалтаасаа няцаж байхыг ер үзсэнгүй.  Хөдөө гадаа явах ч юм уу,  хот дотор хэн нэгнийд очиж тоглохоор машинаар явах үед болзсон газраа, товлосон цагтаа яг л байж байна.  


2015 оны 3 дугаар сарын 8. Манай эхнэр Үржинбадам бид хоёр Тамара Федоровна-д баяр хүргэхээр “Ё” сайдын гэр рүү утас цохив. Тамара гуай утсаа авч байна. Ер нь “Ё” сайдын гэр рүү утас цохиход Тамара гуай дандаа утсаа авдаг байсан юм. Утсаар мартын 8-ны баяр хүргэж, танайхаар ороод гарч болох уу гэсэнд биднийг хүлээж авах сонирхолгүй дурамжхан байгаа нь ярианых нь өнгөнөөс ажиглагдав. Танд баяр хүргэхээр цэцэг, вино тэргүүтнийг авсан юм гэсэнд Ёндон цэцэг, вино аваад надад баяр хүргэсэн.  Та нар цэцэг энэ тэрээ авчихсан юм бол ирэхээс дээ гэж байна.  Бид хоёрыг урьд өмнө нь гэрээр нь очиход ер төвөгшөөдөггүй , үргэлж яриа хөөрөөтэй хөгжилтэй байдаг байж билээ. Бие нь тавгүй байсан юм шиг байгаа юм. Тамара гуай тэр жилийнхээ зун нь  насан өөд болсон билээ. Бид цэцэг, япон ресторанаас “суши”, вино тэргүүтнийг аваачиж баяр хүргэв. Тамара гуайд “суши” ихэд таалагдав. Үнэхээр л “Ё” сайд 8-ны өглөө дэлгүүр яваад баглаа цэцэг, вино тэргүүтнийг авч ирж  Тамара гуайд баяр хүргэсэн байлаа.   Бид хоёр буцах замдаа “Ё” сайд  ийм өндөр настай  байж, Тамара гуайд  Мартын 8-наар   баяр хүргэснийг хараад “үнэхээр агуу хүн юм даа” хэмээн ам амандаа  магтан биширч  явж билээ. 


Хүнийг өөртөө татах увидас

“Ё” сайд  хүнийг өөртөө татах увидастай  хүн байв.  Алба хашиж  байхдаа дээдэст долигонодоггүй,  дорд биднийгээ дээрэлхдэггүй байсныг бидний үеийнхэн бүгд мэднэ дээ. Барагтай болж хүн муулахгүй,  чин  сэтгэлээсээ сайхан инээнэ.  Бухимдаж яваа хүн тааралдвал уур уцаар нь сарничихаар сайхан инээдэг  байж билээ. Энэ сайхан чанарууд нь  “Ё” сайдыг   олон найз нөхдөөр хүрээлүүлж явахад нөлөөлсөн болов уу. Тэр олон найз нөхөд нь одоо  “Ё” сайдыгаа үе үехэн үгүйлж суудаг байх даа.


Эрүүл мэнддээ онцгой анхаарна 

“Ё” сайд эрүүл мэнддээ их анхаарна. Биед нь ямар нэгэн өвдөлт, зовиур ажиглагдангуут даруй эмнэлгийг зорино.Эрүүл мэндийн холбогдолтой ном, сонин орос хэлээр байнга захиалж уншина. Хөдөө гадаа явахдаа халгай, нохойн хошуу, анисны навч, багваахай цэцэг гээд байгалийн хишгийг дандаа түүж явдаг байсан юм.


Манай зусланд байдаг гэрийн  хаяанаас багваахай цэцэг түүж суугаа нь.

Тэтгэврийн мөнгө, хааяа Гадаад яамны захиалгат бичиг цаасны ажил хийх, зарим хүмүүсийн ном хянан тохиолдуулах, диссертаци орос хэл  руу хөрвүүлэх зэргээр олсон мөнгөө  чанартай хоол  хүнс худалдаж авахад л зориулна. Японоос буцаж ирснээс хойш гэр орондоо  тавилга, өөртөө хувцас хунар худалдаж авч байсныг  би  хувьдаа санахгүй юм. 


“Ё” сайд ямар нэгэн архаг хууч өвчингүй байв. Насны эрхээр сонсгол, хараа муудах, хааяа өвдгөөр нь хатгах, хиймэл шүд бэхэлдэг байсан шүд нь унах зэрэг бэрхшээл тохиолдож байсан. Хэдэн жилийн өмнө нүдний болороо солиулсан. Ойрын харааны шил хэрэглэхээ больж, ном , сонин чөлөөтэй уншдаг байв.  Шүдний тухайд гэвэл, анх цэрэгт татагдаж эмнэлгийн үзлэгээр ороход давхарлаж ургасан нэг шүд байсныг орос эмч “ийм байж болохгүй” гээд бакиар суга татаад хаячихсан юм. Түүнээс болж шүднүүдэд хөдөлгөөн орж унасаар байж дууссан. Хиймэл шүд   тогтоодог ганц, хоёр соёо үлдсэн байсан бас уначихлаа гэж  тэнгэрт халихаасаа нэг, хоёр жилийн өмнө  ярьж байв. Сүүлийн нэг жил бүтэн хиймэл шүдтэй байв. Тэр нь төвөгтэй санагддаг байсан байх. Гэртээ дандаа шүдээ аваад тавьчихсан байдаг байж билээ. 


Насан өөд болтлоо өдрийн тэмдэглэл хөтөлдөг байв. Хааяа “ноднингийн энэ өдөр  бид нар тэнд салхинд гарч байсан байна гэдэг ч юмуу, тэднийд очиж тоглосон байна” гэдэг байж билээ.


“Бор дарсыг тохируулж хүртвэл хор болохгүй”

Бор дарсыг бурханы оронд явтлаа тохируулж хэрэглэдэг байв. “Ё” сайд “тохируулж хэрэглэх юм бол архи хүний биенд хор болохгүй гэж гаднын хэвлэлүүдэд бичиж байна. Хүний биенд орсон хоол тэжээл исэлдснээс  спирт ялгаруулж  байдаг байна. Орос хэлэнд пиво после вина просто гавно, а вино после пива просто диво гэж үг байдаг юм гэдэг байж билээ.  2017 оны 1 сард миний бие Японд явж ирэв. “Ё” сайд манайд элчин сайдаар ажиллаж байсан М.Ханада-д захиа, зөгийн бал,  орос чихэр тэргүүтнийг хүргүүлсний хариуд захидал авч ирэв. М.Ханадагийн захидал хүргэж өгөхөөр “Ё” сайдын  гэрт  очив.  Гэрт нь элчин сайд Г.Луузан, С.Болд нар байцгаав.  Би нэг лонх  Suntory whisky аваачив. Г.Луузан  “ Suntory  авч ирэхгүй бол Намчинг хөөж явуулна гэж  байсан” гээд инээлдэж байцгаав.  Нэг литрийн Suntory-гоо дөрвүүлээ яг тэнцүүхэн хуваагаад хүртэцгээчихэв.  Маргааш нь “Ё” сайд над руу утас цохиж байна.  Өчигдөрийн Suntory жигтэйхэн сайхан зохисон байна. Нойр ч сайхан хүрлээ, бие ч их хөнгөн, чанартай юм цаанаа л өөр байдаг юм байна гэж билээ. Түүнээс хойш 10-аад хоногийн дараа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.


Шинэ онигоо, инээд хүргэм  адал явдал  ярьж биднийг хөгжөөнө

“Ё” сайд  бидэнтэй уулзах тоолонд шинэ сонин онигоо ч юмуу, хөгжилтэй  юм ярьж биднийг инээлгэнэ. Онигоонуудыг оросын телевиз үзэж, ном, сонин уншиж байхдаа л тогтоож авдаг байсан шиг байгаа юм. Бидэнд  ярьж өгч байсан  онигоо, хөгжилтэй яриануудаас   дор ганц нэгийг  сийрүүлсү.

-Нэг орос  чукчэ найздаа илгээмжээр толь явуулжээ. Чукчэ найз нь толийг гаргаж харснаа “Оо миний муу дүү хүрээд ирсэн байна” гэж.  Авгай нь толийг нь авч харснаа “авгай нь яасан царай муутай юм”гэж гэнэ.  

-Нэг чукчэ банканд мөнгөө хадгалуулж. Хэд хоногийн дараа давхиж ирснээ “миний хадгалуулсан мөнгийг бүгдийг нь гаргаад ир” гэж. Мөнгийг нь гаргаж өгөөд таны хадгаламжийн дэвтрийг устгачих уу гэж банкны ажилтан асуусанд “хүлээж бай” гэж хэлчихээд нэг буланд очоод мөнгөө тоолоод суучихаж.  Хэдэн ч цаг тоолсон юм тоолж дуусаад “миний мөнгө  бүрэн байгаа юм байна буцаагаад хийчих” гэжээ.

-Гончигсумлаа гуай  хөгжмийн зохиолч болоод гайгүй  нэрд гарчихсан мөртлөө намд элсээгүй байсан гэнэ. Тэгээд намд элсүүлэхээр болж.  Намын үүрийн бүх гишүүдийн хурлаар ороход нь “ та  яагаад намд элсэхгүй өдий хүрсэн билээ” гэсэн асуулт гарангуут “ тэгнээ тэгнэ, ийм асуулт гарна гэж мэдээд байсан юм. Ер нь намд элсэхээ болилоо” гэж байсан гэдэг. 


“Ё” сайдын дуртай “501”

Насан өөд болтлоо ухаан нь туйлын саруул байж билээ. Бидний тоглох дуртай байсан “501” гэдэг тоглоомын дансыг дандаа “Ё” сайд хөтөлнө.  Дансны тоог бидний хэнээс нь ч түрүүлж бодно. Манай зарим тоглогч нар  тоогоо бодох гэж тооны машин, гар утсаа  гаргаж байх хооронд  “Ё” сайд бүгдийг нь цээжээр бодчихсон дуудаж байна.  Та яаж ингэж хурдан бодож байнаа гэхэд “Меркури” захын худалдагч авгай нар  тооны машинаар бодох гэж мунгинаж байх хооронд би цээжээр бодчихоор гайхаад байдаг юм гэдэг байж билээ. “Ё” сайд өөрийгөө магтаж байсан тохиолдлыг үүнээс өөр санахгүй юмаа. Хэлсэн үг, хийх ажил, барьсан тавьсан зүйлээ мартана гэж ер үгүй. 25 жилийн хугацаанд  бид ахмад жолооч  Минтэг гуай, элчин сайд Б.Дашцэрэн, Ю.Сандаг, И.Очирбал, Г.Эрдэнэ, Ч.Болд, С.Болд, Г.Зоригт, манайх гээд энд тэнд олон айлуудаар явж тоглож байв. “Ё” сайдаас бусад тоглогчид хүзүүний ороолт, нүдний шил, тамхины асаагуур, ноосон цамц, пиджак, хөөрөгөө  хүртэл мартах тохиолдол бишгүй л гарч байв. 


Утга учиртай амьдрахын үлгэр дууриал

Хүн гэдэг амьтан утга учиртай амьдрахын үлгэр жишээ болсон хүн гэж хэлэхэд дэгэсдэхгүй байхаа. Өнгө мөнгөнд шунаж, алдар хүндэд дурлах сэтгэл энэ хүнд ер байсангүй. Дотоод, гадаадын өч төчнөөн одон, медалиар шагнагдсан. Гэвч тэр шагналуудаа зүүж  байсныг  харсангүй. “Ё” сайд “би шагналаа авсан өдрөө л зүүдэг, дахиж зүүдэггүй “гэж байв.  “Намайг Гадаад харилцааны сайд бол гэсэн санал тавьж байсан тохиолдол бий. Би татгалздаг байсан” гэж энэ 25 жилийн хугацаанд  ганцхан удаа дурссаныг миний бие санаж байна. Хориод жил Гадаад яамны орлогч, нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байсан хүний хувьд тийм санал өөрт нь нэг бус удаа  ирж   байсан байлгүй гэж бодоод тухайн үед ийм яриа чухам хэзээ болсон тухай би сонирхож асуугаагүй шиг санагдана. Насан өөд болохоос  6-7 жилийн өмнөөс  “Тамара утсаар их ярьдаг болохоор тэтгэврийн мөнгөөрөө утсаа төлдөг юм.  Бусад бүх төлбөрөө би хариуцдаг.  Тэтгэврийн мөнгө энэ бүхэнд чүүтэй чаатай хүрч байна. Тэтгэврээс гадуур мөнгө олдвол “авс”-ндаа зориулж хадгалж байгаа гэж байж билээ. Өчүүхэн ч шуналын сэтгэлгүй байсан нь  бурхны сургаалаар амлуулж ухаан орсон хүний  хувьд   нүгэл, буяны дэнс үхсэн хойно ч өршөөлгүй гэдгийг мэддэг байсных бизээ.  Тэнгэрт халихаасаа нэг жилийн өмнө байрандаа сайхан засвар хийлгээд охиныхоо нэр дээр шилжүүлсэн юм.  Хамаг номоо гудамжинд ном зардаг хүмүүст өгөөд явуулж байв. Бурхны орон руу мордотлоо, нэг өдөр ч хүнээр өргүүлж асруулсангүй. Хүүхдүүдээ дуудаж төвөг удсангүй. Биднийг орхиод явсныг дуулаад “буянтан буцахдаа дараагүй” гэдэг л энэ байх даа гэж бодож явж билээ. 


Хүн өтлөхөөр нутагаа, тураг өтлөхөөр уулаа...

2000 он  гарснаас хойш “Ё” сайд маань хааяа надад “Увс явахаар бол намайг аваад яваарай,  нутагтаа очилгүй 50-иад жил болсон байна, нутагт миний ах дүү нараас нэг дүү амьд мэнд байдаг юм, түүнтэй уулзмаар байна, хүүхэд байхдаа шавилж сууж байсан Намирын хийд байсан газраар  очмоор байна” гэдэг болов. Нутгаасаа хар багадаа гарсан, орос эхнэртэй, нэг ёсны монгол маягийн ахуй амьдралыг мэдэхгүй байсаар өдий хүрч байгаа “Ё” сайд маань нутагтаа очмоор байна гэж хэлснийг сонсоод   хүн өтлөхөөр нутагаа, тураг өтлөхөөр уулаа гэдэг аргагүй л үнэн үг юм байна даа гэж бодогдож байж билээ.


2006 оны 9 дүгээр сарын 20 гэхэд Увс руу гарахаар  тэр жилийнхээ  6 сарын үед бид хоёр ярьж  тохиров. “Ё” сайд  хөдөө явах бэлтгэлээ базаахаар 9 сарын эхээр Эрээн  рүү  галт тэргээр явж ирэв.  Нутагт байдаг дүү Бадаагийнх болон бусад ах, дүүгийнхээ хүүхдүүд, хүргэн, бэрүүдэд  өгөх бэлэг сэлтийг тоо ёсоор нь бэлтгэжээ. Манайхны “эргүү толгой”хэмээн нэрлэж заншсан хятад  талын хар  архинаас надад болон замд “дөрөө чангалж” явах   зориулалтаар  хүрэлцээтэй авч ирсэн байв.


Бид хоёр болзсон өдрөө  өглөөний 8 цагт Улаанбаатараас хөдлөв. Хотоос анх хөдлөхдөө 100 км яваад бууж амсхийж байхаар, очсон газар  бүртээ 1 хонож явахаар  тохиров. Тэр өдрийнхөө үдээс хойш нилээд эрт Архангай  аймгийн төв Цэцэрлэг хотод хүрэв. Унаж явсан машины мотор  доголдох янзтай болж , засварын ганц, хоёр газраар орсонд онош тогтоож, засчихаар хүн олдохгүй янзтай. Би байнга унадаг машинаа гамнаж орхиод, хүүгийн Японоос оруулж ирж зарж байсан машинаас  нэгийг унаад гарсан маань ийм байдалд хүргэв.  Байдлыг хүүдээ танилцуулсанд “ мэдлээ, наанаа сүлжээтэй газар хоноглоорой, маргааш таны машиныг аль болох эрт хүргэж өгье” гэв. Тэр үед Архангай аймгийн засаг даргаар миний үеэлтэй суусан хүргэн Ж. Хүрэлсүх ажилладаг байв. Тэднийхийг сурагласаар очив. Хүргэн Ж.Хүрэлсүх хөдөө ажлаар явсан, эхнэр Г.Хөхөө нь гэртээ байсангүй. Ёстой нөгөө их санасан газар 9 шөнө хоосон гээ ч нь болов. Бид хоёр ч хотоос дөнгөж гарсан болохоор идэх уух юм элбэг дэлбэг, хэр баргийн айлын тогоо руу өнгийхөөргүй явсан юм. Зүгээр л  аймгийн засаг дарга болсон хүргэн хүүгийн гэрээр орохгүй явчихвал сүүлд үг хаяж магадгүй гэж бодоод л орсон  юм. Бид хоёр замдаа болж өгвөл  байгалийн сайхныг  сонгож,  майханд хоноглож явахаар бэлтгэлээ базааж гарсан болохоор  очсон айлд хүмүүс байгаагүйд дотроо бараг баярлаж байж билээ. Тэндээсээ хоноглох газраа товлохоор хөдөлцгөөв.  Хойд Тамирын хөвөөнд хоноглох санаатай  цаашаа хөдөлж Цагаан даваа давтал утасны сүлжээ тасрав. Манай хүү Лхамаа биднийг  сүлжээтэй газар хоногло гэж хэлсэн тул  буцаж Цэцэрлэг хотын зүүн талд хотоос ирдэг замын ойролцоо майхнаа барьж хоноцгоов.  Эхний өдөр 500 гаруй км давхиж замдаа ядарсан бид хоёр тэр шөнөдаа нам унтжээ. 


Өглөө нь “Ё” сайд  замын ядаргаа,  хөдөөний цэвэр агаар, орой унтахдаа уусан “нойрны эм”  энэ бүгд бид хоёрыг  сайхан унтуулжээ гэж намайг инээлгэж байж билээ.  Өглөө 7 цагийн үед босож , цайгаа бараг ууж дуусаагүй байтал хүү маань нэг найзынхаа хамт миний байнга унадаг машинтай давхиж ирэв.  Шөнөжин давхисаар иржээ. Тэр хоёр ер ядарсан шинжгүй,  “таны машин эвдрэл саатал гарахгүй байх, хэрэв янз бүрийн асуудал гарвал холбоо бариарай, хаана ч байсан бид яваад очно “гэж хэлээд инээд хөөртэй бид хоёрыг цааш нь үдэж өгөв. Цааш явах замдаа “Ё” сайд залуу нас гэж сайхан юм даа гэж билээ. “Ё” сайд маань тэр жил 79 насыг зооглож байжээ. Манай хүү  Дакар Ралли’-д уралддаг тамирчин.


9 дүгээр сарын 21-ний өдрөө бид  давхисаар Архангай, Завханы хил дээр байдаг  Солонготын даваанд хүрч хоноглов. Тэр өдрөө газар хороохоор нилээд орой болтол давхисан тул оройн  хоолоо  зам дагуу байдаг  дэн буудлын газраар орж  идье гэж тохиров. Бидний хонохоор товлосон газрын ойролцоо нэгэн гэр гуанз байснаар орж шөлтэй хоол хийлгэж идэцгээв.  Гэрийн хоймроор замын хүмүүс зулж унтдаг бололтой өргөн наар зассан байна. “Ё” сайд хоногийн үнэ ханшийг  нь сонирхож байна. Гэрийн эзэгтэй “манайд хоол идвэл буудал үнэгүй” гэснийг сонсоод инээдтэй санагдсан юм байлгүй над руу хараад  сэмхэн мушилзаж байна.  Хоол идвэл буудал үнэгүй гэж хэлснийг замдаа хааяа  давтан ярьж инээлдэж  явж билээ. Ер нь “Ё” сайдтай  хамт хөдөө гадаа явахад  сонин сайхан зүйл их ярина.  Хамт явсан хүн уйдахгүй, аян замын алжаалыг мэдрэхгүй.   Хэдийгээр тэр гэр буудал үнэгүй хоно гэсэн боловч  шөнө орой болсон хойно замын гийчид унтуулахгүй тав тух алдуулна гэж тооцоолсон бид хоёр  тэндээс хөдөлж замаас гараад  шөнө замаар давхилдсан машины гэрэл тусаад байхааргүй  далдхан газрыг сонгож майхандаа хоноцгоов. “Ё” сайд ер нь их өлчир хүн. Хотод кальсон  өмд өмсөхгүй  бараг өвлийн сартай  золгоно. Цагаан сарын дараа кальсоноо тайлчихсан гээд явж байдаг сан. Солонготын даваа бол далайн түвшинээс нилээд өндөрт өргөгдсөн зундаа хүртэл  сэрүүн байдаг нутаг. Майханд хонож явахад уутан хөнжил маань овоо зузаан мөртлөө  би хувьдаа зарим шөнө даарч хонодог  байв.  Солонготын даваан дээр би нилээд даарч хонов.Өглөө босоод “та даарав уу” гэж асуусан чинь  өдийд даарна гэж юу байдгийм гэж байна. Хучлага хөнжил нь минийхээс нэг их зузаан байгаагүй юм.


22-ны өглөө тааваараа босож цайгаа ууж аваад цаашаа аялалаа үргэлжлүүлэв. Тэр өдөр нартай сайхан  дулаахан байсан санагдана. Бид нэг талдаа  туулах ёстой замынхаа хагас орчмыг ардаа хийчихсэн, тэгээд ч амарч яваа болохоор тэр өдөр замдаа буух  тоо  нь арай олширч, суух хугацаа нь жаахан  удааширч явсаар  Завхан аймгийнхаа  нутгийг дуусгаж чадалгүй хамгийн баруун талын Сонгино сумын нутагт нэг сайхан цэнгэг устай горхины хөвөөнд майхнаа босгов. Улаанбаатараас гарахдаа “Ё” сайд холын харааны шилээ зүүж аваад орчин тойрноо  тун сайн ажиглаж , замд тааралдсан уул нурууд, гол горхи, нуур цөөрмийн нэрийг нэгд нэгэнгүй надаас асууж явав. Би 1996 он хүртэл миний  аав, ээж амьд сэрүүн байхад  жил бүр машинаар очдог байсан болохоор  замын тоймтой том уул нурууд, гол , нууруудын нэрийг мэддэг байв. 


Замд  1950-иад оны үед Цэдэнбал дарга баруун аймгуудаар явсан тухай, ЗХУ-ын элчин сайд Молотов Цэдэнбал даргатай хамт явсан тухай дурсан ярьж билээ. “Ё” сайд  байнга  радио чагнаж , тэр хоёр хүнийг  олон улсын болон улс орны цаг үеийн мэдээллээр хангах үүрэгтэй дагалдаж явсан гэнэ. Мэдээллээ оросоор танилцуулна. Элчин сайд Молотов 100 км яваад заавал машинаасаа бууж 1 км явган алхдаг. Тэр нь дандаа ажлын төлөө цаг, нартай уралдаж явдаг Цэдэнбал даргад нэг их  таалагддаггүй байв. Цэдэнбал дарга хоноглосон сум , аймгийн төвийн  дарга нартай орой болтол сууж нутаг орны ахуй амьдрал, тулгамдаж буй асуудлын талаар  ярилцахаас гадна нябо нарт тайлан тооцоо яаж гаргадагийг биечлэн зааж, хамт тоо бодож, толгойгооо гашилгаж суудаг  байв хэмээн хуучилж явсан юм. 


“Ё” сайд  Цэдэнбал даргын  талаар зөвхөн энэ аялалын үеэр бус бас бусад үед ч хааяа  зарим  зүйл дурсан ярьж байсныг энэ дашрамд дор нэгтгэн сийрүүлсү. Тэрээр “ Цэдэнбал дарга маш их эрүүл чийрэг биетэй хүн байсан. Сүүлд юм мартдаг болж эхэлснээсээ хойш “оросууд л миний толгойд нэг юм хийчихлээ”гэж  үе үе хэлдэг байв.  Амралтын өдрөөр ч хамаагүй хааяа гэнэт утасдана, дуудна. Утсаар эхлээд бичиг цаасны  холбогдолтой яриа өрнүүлнэ. Авгайд хар авахуулахгүй гэж л тийм юм ярьж эхэлдэг, цаад зорилго нь лонх юм надаар дөхүүлүүлэх. Дарга хааяа өмднийхөө бүсний доогуур байдаг нууц ч гэмээр жижиг халааснаас  маш олон дахин нугалж хийсэн зуун төгрөг ухаж ухаж гаргаж ирснээ лонх юманд гүйлгэдэг байж билээ. Авгай өмднийх нь тэнд тийм халаас байдгийг мэддэггүй байсан юм шиг байгаа юм. Даргын комиссараар ажиллаж байсан Чулуун “Цэ”  дарга дээр архитай орсон хүмүүсийн нэрийг он, сар, өдөртэй нь авч орсон архиных нь шилэн дээр бичээд сэйфэндээ хадгалдаг байсан юм. Цэдэнбал даргын хөшөө сүүлийн үед энд тэнд харагдах болж. Драмын театрын урд нэг хөшөө босгосон байна. Хөлөө ачаад суучихсан хөшөө. Би Цэдэнбал даргын дэргэд 10 гаруй жил ажилласан. Хөлөө ачиж сууж байхыг нь  ер хараагүй.” “Цэ” дарга айлчлалаар гадагш явах болчихсон, онгоц хариугүй нисэх гэж байдаг, баримт бичиг бэлэн болоогүй байна хэмээн сандарч тэвдэж байгаа  зүүд л их зүүдлэгдэх  юм даа” гэж үе үе ярьдаг байж билээ. Цэдэнбал даргын талаар “Ё” сайдын ярьж байсан юмнаас ийм хэдэн зүйл үүнийг тэрлэгч миний санаанд үлджээ.


Сонгино сумаасаа өглөө яаралгүй хөдөлж, тэр өдрөө ердөө 200 км орчим ардаа хийж,  Увс аймгийн Хяргас нуурын зүүн хөвөөнөө хоноглохоор майхнаа босгов. Увсын нутаг руу оронгуут зорьсон газраа хүрчихсэн юм шиг хоёулаа нэг их довтолгохоо болчихож билээ.Дэндүү аажуу явж байгаагаа ч өөрсдөө  бараг анзаарахаа больсон байв. “Ё” сайд Хяргас нуурыг хараад  сэтгэл нь хөдөлсөн юм байлгүй “Хяргас нуур хэмээх гүн их далай” хэмээн нилээд чанга хэлж билээ. Тэр шөнө буюу 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хяргас нуурын хойд талаар байдаг өндөр уулсын оройгоор цас ороод хоножээ.


2006 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө Хяргас нуурын хөвөөнөө.

Арын уулаар цас ороод хоносон нь тодхон харагдаж байна.

Өглөөний цайгаа яаралгүй ууж аваад  Хяргас нуурын хойд талд оршдог  Хар тэрмэсийн амралтын газрыг зүглэн хөдлөв. Тээр жил Майдар дарга энэ амралтад амарч байхдаа завьтай нууранд явж байгаад гэнэт боссон шуурганд хөөгдөж, давалгаагаар  завь руу нь орсон усыг шөнөжин хувингаар шавхсаар байж маргааш өглөө нь нуурын урд эрэг дээр эсэн мэнд гарч ирсэн гэдэг. Бие хамгаалагч нь усгүй газрын хүн байж. Шуурганд завь нь туугдаж , завь руу нь ус орж эхлэнгүүт бие хамгаалагч нь ухаан алдаж унаад, жолооч нь шөнөжин завинд орсон усыг шавхсаар байж даргаа амьд авч гарсан гэдэг яриа байдаг тухай бид ярилцаж явцгаав. Амралтын  газарт хүрч очвол дөнгөж шинээр  тааруулж барьсан бололтой улаан халзтай сайхан гэр байж байна. Гэрийн тухай сонирхсонд  Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж зун ирж амарч байгаад явсан гэр гэнэ. Бид тэр гэрт  түрч  болов  тухлав. Хар тэрмэсийн амралтыг  элчин сайд Ц.Батбуянгийн дүү Ц.Лумжав хуьчилж авсан байв. Эхнэр нь манай Тэс сумын Рэгзээ гэж хүний охин. Намайг таньж мэддэг  дүү нар. Ц.Лумжав биднийг очиход байгаагүй шиг санагдана. Нутгийн охиноор сайхан шөлтэй хоол  хийлгэж идээд цааш нь хөдөлцгөөв. Амралтын газраас жаахан зайдуухан нуурын хөвөөнд бууж  усанд орох  санаатай ус руу хөлөө хийж үзвэл нилээд хүйтэн байв. Өнгөрсөн шөнө ойр  хавийн уулархаг нутгаар нь цас ороод хоносон юм чинь аргагүй. Хэд хоног усанд ороогүй, усанд орохын хүслэн болж явсан   хоёр аялагч ямар ч байсан  хувцсаа тайлж бүсэлхийнээс доош  биеэ угааж авцгаав. 


Тэндээсээ Намирын хийдийн эх нутаг Өмнөговь сумыг зорин хөдлөв.  Өмнөговь сумын төвд оройхон очсон тул буудалд буучих санаатай  дэн буудлын газар сурагласанд байдаггүй гэнэ. Улаанбаатар руу чиглэсэн их хөлийн  замаас зайдуу  оршдог сум учраас  зах зээл хөгжих нь удаашралтай байгаа нь анзаарагдав. Бага балчир насандаа тэр нутгийн хийдэд шавилан сууж байсан,  хожим шинэ төрд өндөр нэр хүндтэй алба хашиж явсан  “Ё” сайдыг  тэр нутагт хэн ч байсан хүндэтгэн хүлээн авах байх гэж бодоод сумын засаг даргын гэрт очих санал тавив. Зөвшөөрч байна. Засаг даргын гэрийг сурагласанд гэр нь эзгүй байгаа дуулдав. Тэгээд ИТХ-ын даргынд очвол яасан юм гэв. “Ё” сайд тэгье л гэж байна. ИТХ-ын даргын  гэрийг заалгаж аваад давхиад буучихав. Дарга нь байж байна.  Залуухан хүн байна. Эхнэр нь сумаасаа гадагшаа явсан байв. Аяллын зорилгоо танилцуулсанд биднийг ихэд хүндэтгэн хүлээн авч хоол, цайгаар дайлж гэртээ хонуулав. Бид ч аян замын  идээ будаа, архи дарсаараа даргыгаа дайлав.  Хаана ч хоносон өөрсдийнхөө пүүгээнд шургаад  унтчихдаг  биднийг хонуулж байсан дэн буудлын газар болон  айлууд  хөнжил, гудас, орны цагаан хэрэглэл энэ тэр гэхгүй амар байв. Өглөө даргатайгаа  хамт  цайгаа уугаад, даргадаа тавтай сайхан хонуулсанд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн,  хот орвол дахин уулзахын ерөөл талибаад  аяллаа үргэлжлүүлэхээр гарцгаав.  Машиндаа сууж Намирын хүрээ байсан гэх газар дээр очив.  Хүрээ хийд байсан ямар ч ул мөр алга. Тэр сайхан тал дээр  энд тэнд урагш хойш нь харуулж ямарч эмх замбраагүй барьсан  сургууль, эмнэлэг тэргүүтэй хэдэн  байшин байх. Ер нь манай хаана ч байдаг  сумын төвийн түгээмэл  нэгэн дүр төрх. Сумын төвөөс арай захдуухан гарч “Ё” сайдын сэтгэгдлийг сонсох санаатай машинаасаа бууцгаав. Сумын төвөөс баруунтаа харагдах намхан хар уул руу зааж  тэр уулыг Туулайн хар гэдэг юм. Туулайн хар уул маань л хэвээрээ  харагдаж байна, өөр тэр үеийн юмнаас үлдсэн юм юу ч алга байна. Бүх зүйл өөрчлөгджээ гэсэн товчхон ярилцлага өгөв. Тэрхүү хоёр, гуравхан өгүүлбэрээс бүтсэн ярилцлагыг видео хальсанд буулгаж, фото аппаратаар нэг кадр дарж авч билээ. Увсаар аялсан видео бичлэгийг хүү Саша-д нь дурсгасан билээ.     

Туулайн хар хэмээх уулынхаа урд  зогсож надад товч ярилцлага өгч байгаа нь.

Намирын хүрээ рүү хийсэн аяллаа өндөрлөж, өглөө 9 цаг өнгөрч байхад  “Ё” сайдын төрсөн нутаг Ховд сумыг чиглэн аянаа үргэлжлүүлэв.  Ховд сум орох замд Намирын хүрээнд шавилан сууж байсан үеийнхээ дурсамжаас надад  ийн хуучлав. “Намирын хүрээнд 5 настайгаасаа шавилан суусан. Лам багшийн заасан номыг ямар ч төвөггүй дор нь цээжилдэг байв. Манай хүрээний дэргэд ганц хоёр  гэртэй сургууль байгуулагдаж, шинэ засгийн зүгээс биднийг бас тэнд очиж суралцаж байх шаардлага тавьдаг болов. Бид сургуульд очиж тоо, бичиг үсэг заалгаж, хичээл дууссаны дараа багш гарсны хойгуур  самбараа хэмх цохиж хаячихаад явдаг байж билээ. 


Одоо эргээд бодохоор тэр үед 37,38 оны хэлмэгдүүлэлт эхэлж байсан юм шиг байгаа юм. Манай хүрээний зарим настай том лам нар хурал номдоо гэнэт суухаа больчихно. Сүүлд сураг сонсвол баривчлаад явсан байдаг байв. Лам нарыг баривчилж авч явдаг болсноос хойш  манай хүрээний лам нар орой бүр  хийдээ тойрч гороолдог болсон. Хийдээ гороолдог болсноос хойш бараг өглөө бүр настай голдуу  нэг юм уу хоёр  лам  нас барж хонодог байв. Бид мэтийн залуу  банди нар лам нар тэнгэрт хальсан тухай мэдээ хүргэхээр ийш тийш  явган харайлгана. Том лам нар амиа хорлодог байсан юм шиг байгаа юм. Чухам яаж амиа хорлодог байсныг бүү мэд.” Ийнхүү надад хуучилж билээ.


Ховд сум орох замд нэгэн нилээд өндөр давааны дээр гартал бидний явах замын  зүүн урд талд  мөнх цастай  сүрлэг уул  харагдаж байв.  Хажуугаар нь өнгөрсөн хэн боловч бишрэн саатахгүй байхын аргагүй  үзэсгэлэнтэй сүрлэг сайхан хайрхан юм.  Замд асууж лавлах хүн тааралдаагүй учир чухам ямар хайрханы дэргэдүүр өнгөрч байгаагаа  тухайн үед бид мэдсэнгүй.  Ямар ч байсан  сүүлд хүн амьтнаас асууна даа гэж ярилцан  хоёулаа ээлжилж урд нь зогсож байгаад зургийг нь  дарж авцгаав.   


Цамбагарав хайрханы өмнө 

Өмнөговь сумаас 9 цаг өнгөрөөж хөдөлсөн бид  үд өнгөрөөж  Ховд сумын төвд хүрэв. Хаяагаар нь Ховд гол урсдаг , мод  буттай, намар болоод ч тэр үү өвс ногоо  халиурсан тун чиг сайхан газар оршдог сум байна.  Ховд голын ус нь ёроолынх нь чулуу тоологдом  тунгалаг ажээ. 


“Ё” сайд хотоос гарахдаа дүү Бадаагийнх сумын төв дээр байдаг гэж байв. Сурагласаар очив. Нэг хашаанд хоёр гэр байна.  Нэг нь цоо шинэ, дөнгөж тааруулсан гэр юм. Хашааны хаалга дэлгээстэй. Хуучивтар гэрийнх нь гадаа очиж  зогстол машин ирсэн чимээнээр эмэгтэй, эрэгтэй хоёр гурван хүүхэд гарч ирснээ  шулганалдаад гэр рүүгээ орцгоож байна. Хүүхдүүд орж амжаагүй  шахуу байтал гэрээс  нэг настай эмэгтэй хүн чихцэлдэн  гарч ирэв. “Ё” сайдын бэр,  дүү Бадаагийн эхнэр  ажээ.


Дүү Бадаа нь малдаа яваад  биднийг очиход гэртээ байсангүй.  Бадаагийн эхнэр  биднийг их л баяр хөөртэй угтан авч, “Ё” сайдтай хацраа өгөн шинэлж, миний хоёр хацрыг татан үнсэж мэндчилэв. Айлын эзэгтэй  гэрийнхээ хойморт бид хоёрт тус тусад нь гудас дэвсэн суулгав. Ирсэн зочиндоо  гудас дэвсэж суулгадаг нь баруун монгол хамгийн хүндтэй ёс. Баруун монголын аагтай шаргал цай чанав. Өрөм, бяслаг, ээзгий, ааруул хурууд зэрэг цагаан идээгээр голлон зассан таваг тавив. Бид хоёр замдаа нутгийн уул ус, байгалийн сайхныг  гайхан биширч явсаар  үдийн цайгаа ч уусангүй. Очих айл биднийг  цай хоолтой  угтана гэж төсөөлж, сэтгэл өег  явсан юм байлгүй бидний хэн нь ч үдийн цай уух тухай яриа  гаргаагүй билээ.  Мах чанав. Гурилтай хоол хийв. Шимийн архи гаргаж байна.  Бидний хэн хэн нь шимийн архи хэтрүүлж уувал маргааш нь биенээс гардаггүйг мэдэх тул ёсыг бодож эхний хундагыг тогтоосны дараа эвтэйхэн татгалзав. “Ё” сайд бэлэг сэлтээ гардуулсны дараа  би нэг шил Абсолют архи гаргаж  айлын хүмүүсийг дайлав. Биднийг ирсэн сурагаар  хүүхдүүд, хүргэн бэрүүд нь дөрөв таван хүн  ирцгээв. Нутгийн ах дүү нар нь “Ё” сайдыг ирсэнд ямар сэтгэгдэлтэй байгааг амьхандаа ам алдуулах   санаатай дунд гарын мөнгөн аягаар арай дүүргэхийн наагуур хундагалж насанд хүрсэн хүн бүрт уулгаж амжив.


Эхний дугараа дөнгөж дуусаж байтал Бадаа гуай  малаасаа орж ирэв. “Ё” сайдтай золгож, хөөрөг зөрүүлэв.  Биднийг ирнэ гэж тооцоолж хүлээсэн  өдрөөс   хоёр ч хоног хэтрэхээр машин тэрэг нь эвдэрч саатаагүй байгаа гэж санаа зовж байснаа хэлэв. “Ё” сайд гар утас барьдаггүй байв. Хотоос гарахын өмнө миний гар утасны дугаарыг дүүгийнхэндээ хэлж өгөөгүй юм санж. Тэгээд л бидэнтэй холбоо барих арга чарга барагдаж, хэзээ ирдэг бол хэмээн хүлээж суухаас өөр аргагүй байжээ.  Замд хэрхэн явсан тухайгаа хуучилцгаав. Нөгөө сүрлэг сайхан уулын тухай асуусанд  мөнх цасных нь хэлбэр гүүний хөхний хэлбэртэй байсан бол Цамбагарав хайрхан гэж байна. Үнэхээр л цасны хэлбэр нь хэд хэдэн   газраар доош нь хурц үзүүр гаргаж тогтсон гүүний хөхний хэлбэртэй байж билээ. Гүүний хөхтэй зүйрлэснийг сонсоод хүн гэдэг амьтан  аливаа үзэгдэл, юмсыг  өөрийн амьдран буй орчин тойронд буй зүйлстэй холбож ойлгодог, түүгээр дүрсэлдэг нь аргагүй л үнэн юм даа гэж бодож суув. Хэрэв япон хүнээс Цамбагарав уулын тэр цасны хэлбэрийг юутай төстэй байна гэж асуусан бол гэдрэгээ харсан загасны сэрвээ шиг гэдэг ч юмуу ямар ч байсан гүүний дэлэнтэй зүйрлэж хэлэхгүй нь ойлгомжтой гэж бодогдов. Шинэ гэр нь бага хүүдээ тааруулсан гэр гэнэ. Бид хоёрыг тэр гэрт хүлээж авахаар  ор дэвсгэр зассан байв. 


Биднийг ярилцаж суух зуур хүүхдүүд нь  хонь төхөөрчээ.  Дан гадар мах чанав. Бадаа гуай биднийг цай хоол ууж идээд архиа сөгнөж эхэлсний хойно ирсэн тул  цай хоол ч олигтой идэж амжилгүй  бидэнтэй “дөрөө харшуулваа”.  Олон жил нутагтаа ирээгүй ах нь  тэднийг зорьж ирсэнд их л баяртай байгаа нь дүү Бадаа, түүний эхнэрийн  үг хэл, үйл хөдлөл бүрээс нь ажиглагдаж байв. “Ё” сайд , Бадаа дүү нарын хооронд хүүхэд ахуй цагийн  болон аав ээж, нутгийн ах дүү нарын  тухай дурсамж бараг өрнөсөнгүй.  “Ё” сайд хүүхэд ахуй насандаа нутгаасаа алсын аянд мордоход  дүү Бадаа нь бага балчир байсан ч байж магад.  Тэр орой бид нилээд оройтож амарцгаав.  Маргааш өглөө нь Увс аймгийн төв Улаангом  орох төлөвлөгөөтэй.  Нутгийн цэвэр агаар, унд хоол, орой бүр унтахдаа уудаг “нойрны эм” ихэд зохисон бололтой  бид хоёр  нам унтжээ.  Өглөө босоход хэн хэний маань бие хөнгөн ,  толгой сэргэг байв.  Аянаа цааш нь үргэлжлүүлэхээс хальширч төвөгшөөхөөргүй тамир тэнхээ сэргэжээ. Өглөөний цай хоолыг бидний хоносон гэрт өгөхөөр бэлтгэж. Бидний босохыг хүлээж байсан бололтой.  Бие засахаар гарах  хооронд  халуун савтай цай оруулж ирсэн байв.  Гар нүүрээ угааж, гадаа орчин тойрныг сонирхон ярилцаж зогсох зуур шинэ гэр лүү идээ будаа зөөсөөр байцгаав. Бадаа гуайн эхнэрээс “тавтай сайхан амарцгаав уу” гэсэнд “тавтай,  тавтай, хөгшин жаахан шартсан юм байлгүй муухан хоносон байна” гэж байна.  Би Бадаа гуай хэрхэн хоносныг асуухаар гэрт  нь оров. Толгой хагарах нь, дотор тун их  муу байна гэж байна. Хорыг хороор гэдэг. Нэг зуун грамм  татчихвал  зүгээр болно доо гэв.


Дүү минь ганц чаддаггүй юм чинь тэр гэж байна. Бие нь нэлээд тавгүй  байгаа нь илт байв.  Өчигдөр оройныхоос дуу нь их сулджээ. Гэртээ эргэн ирж Бадаа гуайн байдлыг “Ё” сайдад  танилцуулсанд “тийм үү” гээд инээж байна. Бадаа гуайн эхнэр бидэнтэй хамт өглөөний цай уув. Цайгаа ууж дуусаад салах ёс хийхээр Бадаа гуайн гэрт орцгоов. Дурсгалын зураг дарахаар аппаратаа гаргав. Бадаа гуай арайхийн босож суугаад “Ё” сайдыг эхнэртэйгээ дундаа суулгаж байгаад зураг даруулав.


Улаангом орох замд үзэж сонирхмоор юм юу байдаг бол хэмээн асуусанд “ та нарын явах замаас  зүүн гар талд  уулын орой дээрээс ус бууж байгаа газар бий. Манай нутгийнхан “Гоожуурын ус” гэдэг юм. Явах замаасаа нилээд гарч байж очдог юм” гэв. Бид  “Ё” сайдын дүү болон тэдний гэр бүл, үр хүүхдэд нь энх тунх, сайн сайхан амьдарч байхын  ёрөөл талибаад аянаа үргэлжлүүлэхээр хөдөлцгөөв.  Бадаагийн эхнэр хүүхдүүдийнхээ хамт нэг машинд сууцгаан биднийг үдэж өгөхөөр  хамт явцгаав.  Сумын төвөөс 2-3 км орчим давхиад  машинаасаа бууцгааж халуун савтай цай, идээ будаа гарган  биднийг дайлав. Үдэж өгөхөөр ирсэн бүх хүмүүс “Ё” сайдтай дурсгалын зураг даруулав.  


Биднийг Улаангом руу чиглэн мордоход  орон нутгийн цагаар 9 цаг өнгөрч байсан байх.  Улаанбаатарынхаар 10 цаг.  Бид хоёр замдаа “Гоожуурын ус” хайж хэсэг  мунгинав.  Усаа хайсаар явж нилээд өндөрт гарсан байв.  Бидний явах ёстой зам болов уу гэмээр газар  тээр дор харагдаж байна. Бидний яваа  газарт ямар ч машин тэрэг явсан замгүй, мал амьтан байсан мөргүй. “Гоожуурын ус” ч олдохоос өнгөрлөө. Эртхэн доошоо бууж замаа дагахаар шийдэцгээв.  Замдаа орж давхисаар явтал эргэн тойрны уулсын байдал нь   Тариалан сумын нутаг руу орж ирж байгаа бололтой. Тариалан бол хотон үндэстэн амьдран суудаг цорын ганц сум.  Удалгүй алсад хонин сүрэг хариулсан  морьтой хүний бараа харагдав.  Нилээд давхитал Тариалан сумын айлууд намарждаг нутгийн гүнд орж ирсэн бололтой.  Энд тэндгүй  хонь хариулсан морьтой хүүхдүүд голдуу харагдана.  Аймгийн төвийн урд байдаг Улаан уул ч алсад  харагдаж байна. Хэсэг явтал  хонь хариулж явсан нэгэн 10 гаруй насны хүү  гараар далласаар биднийг амдан давхиж ирэв. Тэр хүүтэй уулзах далимд морь харахаар  замаас гарч зогсов.  Хүү давхиж ирснээ шууд л баруун нутгийн аялгаар “ямаа авцгаадавт”(ямаа авцгаах уу) гэж байна. “Ё” сайд зарах ямаа хэд байна гэсэнд “нэг” гэж байна. Ямааных нь үнийг сонирхсонд  тухайн үеийн зах зээлийн ханшаас  нилээд доогуур үнэ хэлэв. Ер нь 20 мянган төгрөг гэсэн шиг санагдана.  Хүүг жаахан явуулах санаатай нэг биш нилээд хэдэн ямаа авмаар байна , өгч чадах уу гэсэнд “үгээ”(үгүй) гэж байна. Аав, ээж нь чамд ямаа зарахыг зөвшөөрсөн юм уу, яагаад ганц  ямаа ийм хямдхан зарах гэж байгаа юм гэсэнд нилээд ичингүүрсэн янзтай толгойгоо маажсанаа “мөнгөн хэрэг  болоод” гэж байна. Бид хоёрт ямаа зүгээр өгсөн ч авъя гэсэн бодол байсангүй. Нэг биш нэлээд хэдэн ямаа авах тухай яриа дэлгэсэн учраас  хүүд нэлээд горьдлого төрсөн болов уу хэмээн бодож, хүүгээс ямаа авахгүйгээр эвтэйхэн салах ухаан сийлэв. Хүү мал төхөөрөх нас арай болоогүйг гадарлах миний бие  ямаагаа  гаргаад (төхөөрөх) өгч чадах уу гэв. “Үгээ, чаддагоов” (үгүй чаддаггүй) гэж байна. Би  “Ё” сайд руу зааж энэ ах нь  лам хүн. Мал төхөөрч болохгүй. Би амьдралдаа мал муулж үзээгүй. Бид ямааг амьдаар нь авч явмааргүй байна. Төхөөрөөд өгвөл аваад явмаар байна гэсээр бидний наймааны яриа өндөрлөв. Хоньчин хүүд атга чихэр өгөөд аянаа үргэлжлүүлэхээр мордоцгоов.  Хүүгийн зарахаар ирсэн ямаа нь өөрийнх нь бус өөр айлын сүргээс ирж нийлсэн үү, нийлүүлж авсан  ямаа байх,  тэгээд  зүгээр олдсон олзыг явуулын хүмүүст хэдэн төгрөгөөр ч болов өгөөд явуулчих санаатай “сэргэлэнтэж” яваа банди болов уу гэсэн дүгнэлт хийж инээлдэж явцгаав даа. 

 

Улаангомд бид нэлээд эрт ирэв.  Олон хоног усанд ороогүй бид хоёр буудалд бууж  халуун усанд орж сайхан  амрах тухай замдаа ярьж явцгаав. Гайгүй буудлыг нь сурагласаар очсонд халуун ус хот даяар байхгүй байв.  Халуун усанд орчих газар сурагласанд нийтийн халуун ус байдаг гэж байна.  Буудалдаа бууж өрөөнийхөө түлхүүрийг авчихаад халуун усны газар сурагласаар очив.  Ганцхан умгар өрөөнд хүмүүс дугаарлаж ордог газар юм. Усанд биднээс өмнө ороод гарч ирсэн хүмүүсийн ярианаас сонсвол ус нь олигтой гоождоггүй, бас тэгээд сайн халаадаггүй бололтой. Бид хоёр ч хүлээж байгаад  бидний ээлж болонгуут хамт орж явцгаачихав. Үнэхээр л  тааруухан халуун ус юм санж.  


Улаангомд миний хамаатангууд, ах дүүгээс ялгаагүй  ангийн багш Ц.Батсүхийнх гээд очвол нилээд хэдэн айл байсан юм. Хотоос гараад бараг долоо хоног аялсан бид нэг хоног ч болов зочид  буудалд тухлаж замын алжаалыг тайлахаар Ховд сумаас ирэх замд ярьж тохирсон юм.  


9 дүгээр сарын 27-ны өглөө  буусан буудалдаа цайгаа ууж аваад  миний төрсөн нутаг Тэс сум руу  орон нутгийн цагаар 8 цаг өнгөрөөгөөд  хөдөлсөн санагдана. Улаангомоос  Тэс сум хүртэл  158 км. Тэс сум ортол сайжруулсан болон засмал зам байхгүй.  Дан шороон замаар харайлгана.  Яарахгүй явбал 4-5 цаг давхиулна.  Тэс сум орох замын ихэнх нь Увс нуурын урд талаар  тойрно.  Явсаар Орлогын овоо  хэмээх нутгийн иргэдийн дээр үеэс тахин шүтэж ирсэн овоо дээр  үдийн цайгаа уухаар бууцгаав.  Энэ бол  манай нутгийн айлууд зунд зусдаг нутаг. Зундаа мал, хүн бужигнаж байдаг энэ нутаг эл хуль. Энд тэнд  малтай ганц нэг   айл намаржихаар үлдсэн харагдана. Сургуулийн хичээл  эхэлсэн цаг тул айлууд  сумын төвийн ойролцоо намаржаа  руугаа нүүцгээжээ.  Овоон дээр гарсан бидний барааг  харсан нэгэн морьтой хүн биднийг чиглэн айсуй.  Хүрч ирвэл Нааяан Жав гэдэг нутгийн хөгшин байв. Энэ хүний аав Нааяа  гуай миний аавын адил бага балчир насандаа хүрээ хийдэд шавилан сууж байсан шаггүй сайн номтой лам хүн байсан гэдэг. Жав гуайгаас  нутгийн сонин сонсож, гурвуулаа хамт үдийн цай ууцгаав. Замын хоол хүнс, архи дарсаараа харамгүй дайлсанд Жав гуай их л баярласан бололтой биднийг гэртээ урьж   байна.  Хөдөөний айлууд зочин гийчин ирсэн үед хотын айлууд шиг гадагшаа гүйж гараад идэх уух юмаа ойр хавийнхаа дэлгүүрээс базаачихдаггүй,  бүх л идээ будааг гэртээ байгаа зүйлээрээ хийж эхэлдэг болохоор цаг их авдагийг гадарлах бид хоёр  Жав гуайд хандаж бид  очсон газар бүртээ нэгээс илүү хоноглохгүй яваа. Сумын төвд хоёр айлаар  орно. Би  аав, ээжийгээ хөдөөлүүлсэн газар  сан тавих,  нутгийн овоонд далд газрын чулуу өргөх зэрэг нилээд ажил төлөвлөж  яваагаа учирлаж, аймгийн төвөөр дайрч буцахаар бол буцах замдаа, үгүй бол дахин нутагтаа ирсэн үедээ  зочлохоор тохиролцож салцгаав. Цааш нь давхисаар зунд нутгийн айлууд зусдаг Нарийны голд орж ирсэнд  ямар ч айл амьтангүй, бор галуу голдуу усны шувууд дулаан орноо зорих бэлтгэлээ базааж байгаа бололтой энд тэнд сүрэглэн зүлэг ногоо идээшлэн байв.  Нарийны голоос сумын төв хүртэл 20 км. Сумын төв орох замдаа  аав, ээжийгээ  Таван Тэсийн хөдөөд нутаглуулсан газраар дайрч, Гандан тэгчинлэн хийдийн  лам нарын айлдсан буяны ерөөл тэргүүтэй бурханы номын дуу сонсгож, сан тавьж,  аав, ээжийнхээ сонсох дуртай байсан “Цомбон туурайтай хүрэн”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Хулст нуур” зэрэг ардын уртын дуунуудыг Нямлхагва, Лхамжав нарын аваргуудын дуулснаар сонорыг нь мялаав.  Аав, ээжийгээ  хөдөөлүүлсэн газарт  очиж сан тавих нь миний Увс явах гол зорилго байв. Аав маань лам хүн байсан учраас ил хөдөөлүүлж билээ. Аавын  маань  тэнгэрт хальсан өдөр  зуны эхэн  сар. Зуны тэргүүн  сарын ид халуун цагаар ил хөдөөлүүлсэн тул шарил нь  3 хоногийн дараа бараг ор мөргүй алга болсон юм. Сүүлд түүгээр явсан хүмүүс манай аавын шарил дээр сүрэг тас буусан гэж бидэнд ярьж билээ. “Ё” сайд манай аав, ээжийг  хөдөөлүүлсэн газар оччихоод  “энд ил хөдөөлүүлсэн юм “ гэсэнд их л гайхаж байж билээ.  Сэтгэлд нь нэг л бууж өгөхгүй  байх шиг байсан. Тэнгэрт халигсадыг  ил задгай оршуулдаг байсан үед хөдөө  төрж, тийм зан үйлийг зөв зүйтэй гэж номлодог  бурхны шашины  сүм хийдэд шавилан сууж байсан хүний хувьд  ийнхүү гайхан сонирхсон нь  надад бүр ч сонин санагдаж билээ. “Ё” сайд маань ихэнх амьдралаа хот суурин газар өнгөрөөж, оролцож явсан буяны ажил нь эсвэл хайлж чандарладаг, эсвэл газрын хэвлийд оршоодог  байсан учраас л сонин санагдаж дээ гэж  замдаа бодож явж билээ.  


Тохиролцсон ёсоор Тэс суманд нэг хоноод   Да хүрээний зүг хүлгийн жолоо залцгаав. Бидний  7 хоног үргэлжлэсэн аяны эцсийн  цэг нь Тэс сум байв.  9 сарын 28.  Тэс сумаас хөдөлж Зүүнговь сумыг дайран өнгөрч, Баруун Туруунд хүрч хоноглов. 


Олон хоногийн аянд бие нь чилээрхэв

Тэндээсээ хөдөлж   нэг хоногийн дараа Архангай  аймгийн Тариат суманд хүрэв. Тариат бол  Улаанбаатараас Увс орох замын яг дунд оршдог сум. Тариат суманд нилээд ойртож явтал “Ё” сайдын маань судасны цохилт доголдож эхлэв. Надад бугуйгаа бариулж үзүүлэв.  Үнэхээр судас нь  хоёр гурав  цохилсны дараа нэг “амсхийж” байна. Би олон хоног явж ядарснаас болсон байх гэдэг онош тавив. “Ё” сайд энэ газар орон далайн төвшнөөс их өндөрт байх шиг байна гэж байна.  Бид хоёрын онош аль аль нь үнэний хувьтай байсан байх.  Тариат суманд  2 хонож биеэ сувилуулахаар шийдэцгээв.  Аймгийн засаг дарга хүргэн Ж.Хүрэлсүх тэр үед үнэхээр тус болов.  Хүргэн рүү утас цохиж, байдлаа танилцуулсанд  Тариат сумын дарга , эмч  нарыг “түргэн авахуулж”, тохилог зочид буудал, хоол унд, эм тариа, эмчилгээгээр биднийг хангав.  “Ё” сайдыг эмчилгээтэй байх зуур би “Хоргын тогоо” , Тэрхийн цагаан нуур зэрэг тэр хавийн байгалийн үзэсгэлэнт газруудаар дахин нэг  явж амжив.  Өмнө нь би ГЯЯ-нд Японтой харилцах асуудлыг хариуцан ажиллаж байхдаа 80-аад оны дундуур  Японы элчин сайд Озаки-г дагалдан очиж байсан юм.  Тариат суманд эмчилгээ хийлгэж “Ё” сайдынхаа биеийг тэнхрүүлж аваад  10 сарын 1-нд Тариатаасаа  хөдлөв.  10 сарын 2-ны орой  9 цагийн үед Хүй долоон худагт ирэв.  Шөнө хот орвол  хөдөө авч явсан хөнжил пүүгээ буулгаж зөөх нь төвөгтэй санагдснаас гадна  “Ё” сайдын эхнэр Тамара Федоровна-г бас нойр алдуулах байх гэж тооцоолон Хүй долоон худагт  замын буудалд хоноцгоов.  Маргааш өглөө буюу 10 дугаар сарын 3-нд Да хүрээнд хүрэлцэн ирснээр “Ё” сайд бид хоёрын Увсын цэнхэр хязгаар руу хийсэн 2 долоо хоногийн 3500 орчим километрийн аялал амжилттай өндөрлөж билээ.

Тайлбар:

Дакар ралли гэдэг нь Францын нийслэл Парисаас гарч,  Сенегалын  нийслэл Дакарт бариагаа барьдаг байсан олон улсын машин, мотоциклийн “олимп” гэгддэг тэмцээн. Тэр үеэс Дакар ралли нэртэй болж, хэдэн жилийн өмнөөс  уралдах тивээ өөрчилсөн ч уг нэрээ хадгалсаар байгаа нь тийм учиртай.Одоо өмнөд  Америкийн Аргентин, Боливи, Перу, Чили зэрэг орны нутаг дамнан  жил бүр зохиогддог юм.

Африк тивээс өмнөд Америк руу уг тэмцээн шилжсэн нь баруун Африкийн  террористууд  зарим тамирчны амь насанд халдаж эхэлснээс үүдэлтэй ажээ  Дакар Раллид уралддаг  тамирчдын ганц мөрөөдөл бол  14 хоног уралдаж 10-аад мянган км зам туулаад техникийн хувьд эвдрэл сааталгүй, бие махбодийн хувьд гэмтэл бэртэлгүй барианд орох. Барианд орсон тамирчин бүрийг  медалиар шагнадаг юм.

Related news