ХӨВСГӨЛ: "Хүрээ" их сургуулийн дэд захирал И Жэ Пугт "Хөх сувд" шагнал олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-05 11:41:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. “Хөх сувд-2023” мөсний баярт Монгол, Солонгосын хамтарсан “Хүрээ” мэдээлэл, харилцаа холбооны их сургуулийн удирдлагууд, БНСУ-ын урлагийн болон хэвлэл мэдээллийн хамт олны бүрэлдэхүүнтэй баг зочиллоо.

Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Засаг даргын орлогч М.Хуягбаатар нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай Тэжон хотоос зочлон ирж, хоймор нутгийн ард түмний уламжлалт баярт оролцон, энэхүү үйл ажиллагааг олон улсад сурталчлахад тодорхой хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлээд, Монгол, Солонгосын хамтарсан “Хүрээ” мэдээлэл, харилцаа холбооны их сургуулийн Дэд захирал, профессор И Жэ Пугт "Хөх сувд” шагналыг гардуулсан юм.


Доктор И Жэ Пуг хүмүүнлэгийн чиглэлээр олон ажлыг санаачлан, зохион байгуулж ирсэн байна. Тодруулбал, 2011 оноос өнөөг хүртэл жил бүр БНСУ-ын Тэжон хотноо зохиогддог урлагийн наадамд Хөвсгөл аймгийн авьяаслаг уран бүтээлчдийг оролцуулж ирсэн. Мөн 2019 онд Хөвсгөл аймгийн эмэгтэй төлөөлөгчдийг БНСУ-д эрүүл мэндийн үзлэгт, багш нарыг БНСУ-д сургалтад хамруулсан, 2 оюутанд Пай Чай их сургуульд сурах эрх олгож, өнгөрсөн онд Хөвсгөл аймгаас 4 хүүхдийг “Хүрээ” мэдээлэл, харилцаа холбооны их сургуульд тэтгэлгээр сургаж байна.

Ийнхүү Хөвсгөлийн хүүхэд залуус, урлаг соёлын хөгжилд анхаарч, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарт тодорхой үйл ажиллагааг санаачлан ажиллаж байна.

Related news