ХОВД: Малын эмч, мэргэжилтнүүд зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-06 15:03:00

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн хэмжээнд 46 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж үйл ажиллагаа явуулдаг.

Үүнд 100 гаруй малын эмч, мэргэжилтэн ажиллаж, 8000 гаруй малчин өрхийн 3.4 сая толгой малын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна.

Мал эмнэлгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл солилцох, ажлын үр дүнгээ нэгтгэн хэлэлцэх зорилгоор өнөөдөр Ховд аймгийн малын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байна.

Зөвлөгөөний үеэр салбарын бодлого чиглэл, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм.


Тус аймгийн
Мал эмнэлгийн салбарынхан өнгөрсөн онд 65 ажил, үйлчилгээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 95 хувийн гүйцэтгэлтэйгээр биелүүлжээ. Тэгвэл энэ оны тухайд 60 ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дийлэнх хувь нь малын эрүүл мэндэд чиглэж байна.

Зөвлөгөөнд сумдын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, улсын байцаагч, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нар, аймгийн мал эмнэлгийн газрын ажилтан, албан хаагчид оролцож байна.

Энэхүү  зөвлөгөөнийг Мал эмнэлгийн салбарын 100 жилийн ойтой уялдуулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой. 

Related news