ӨВӨРХАНГАЙ: Эмэгтэйчүүд баярын ширээний ард суух биш, асуудалтайгаа нүүр тулахыг зорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-08 16:23:43

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Социал Демократ Эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эмэгтэйчүүдийн индэр” сэдэвт уулзалт зохион байгууллаа.

Баярын ширээний ард суух биш, асуудалтайгаа нүүр тулахыг зорьсон тус уулзалтаар аймаг, орон нутагт эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг өөрсдийн амьдралд тулгуурлан ярьж, аймгийн удирдлагуудаас гарц гаргалгаа хүссэн шинэлэг үйл ажиллагаа болов.



Өвөрхангай аймаг 60-аад мянган эмэгтэйчүүдтэй. Үр хүүхдээ төрүүлж өсгөх, өрх гэрээ авч явах, ажил хөдөлмөр эрхэлж нийгэмдээ хувь нэмэр оруулах гээд улс орныхоо ч, хувь амьдралынхаа ч ачааны хүндийг эмэгтэйчүүд маань үүрч байгаа гэдгийг уулзалтаар онцолсон юм.


Тухайлбал, есөн хүүхэдтэй залуу ээжийн хувьд хүүхдүүддээ боловсрол олгох, эрүүл саруул өсгөх, хүсэл сонирхлынх нь дагуу хөгжүүлэхэд алхам тутам бэрхшээл тулгарч байгаагийн зэрэгцээ өнгөрөгч өвөл хүүхдүүд нь ээлж дараалан ханиад хүрч, эм тарианы үнийн өмнө сөхөрснөө хэлж байв. Мөн бизнес эрхлэгч эмэгтэй төсөл хөтөлбөрүүдийг тодорхой, хүртээмжтэй байлгах, иргэдэд мэдээлэл хүргэж байгаа хэлбэрээ өөрчлөх шаардлагатай хэлж, хэрэглэгчдийн хандлагыг өөрчлөн орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжих сэтгэлтэй байхад нь чиглүүлж өгөхийг хүслээ. 


Түнхний мултралын хагалгаанд орж, аймгийнхаа төдийгүй улсын томоохон эмнэлгүүдийн өвчтөнд ээлгүй, харгис хатуу хандлагыг даван туулахаар хичээж яваагаа хэлсэн бол хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйн асуудал, бэрхшээл нь бие организмдаа биш, нийгэмд байдгийг онцоллоо. 


“Эмэгтэйчүүдийн өмнө эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны олон асуудал тулгамдаж байгаа. Үүнийг өөр хоорондоо ярьж, цахим орчинд илэрхийлж бухимдах биш, харин нүүр нүүрээ харж байгаад нээлттэй ярилцан, санал хүсэлтээ илэрхийлснээрээ уулзалт үр дүнтэй болж байна. Эмэгтэйчүүдийн хэлсэн асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллах болно” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.



Related news