Чех улсаас ноос боловсруулах үйлдвэрлэлд ус цэвэрлэх технологи хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-03-09 18:49:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага болон Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо өнөөдөр арьс шир боловсруулах “Баянгонгор” компанийн байранд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.


Гэрээнд БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нар гарын үсэг зурав. Уг гэрээний хүрээнд Чех улс Монголын арьс ширний үйлдвэрлэлд хөрөнгө оруулж, 77 сая төгрөгийн үнэлгээ бүхий санхүүжилтээр ноос боловсруулах үйлдвэрлэлийн бохир ус цэвэрлэх байгууламжийн технологийг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй “Баянгонгор” компанид хүлээлгэн өгч байна. 


Бохир ус цэвэрлэх шинэ байгууламжтай болсноор Монголын
Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа сайжирч, ноос боловсруулах үйлдвэрлэл илүү үр ашигтай болно гэж Монголын талаас үзэж байна. Энэ нь Чех улсын зүгээс тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмэр болж байгааг гэрээ байгуулах ёслолд оролцогчид тэмдэглэлээ.


Чех улс тэртээ 1958-1960 оны хооронд буюу Чехословак улсын үеэс Монголын арьс шир боловсруулах салбарт хувь нэмрээ оруулж, шевроны үйлдвэрийг анх барьж, хүлээлгэж өгсөн түүхтэй. Улмаар 1975-1980 онд арьс ширний үйлдвэр, 1979-1981 онд 3500 ажилтантай гутлын үйлдвэрийг барьж ашиглалтад оруулж байв.


Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Чех улсаас 2007-2010 онд “МЛТЖ” ХХК-ийн арьс ширний үйлдвэрийн шинэчлэлийн төслийг хэрэгжүүлж, 2010-2012 онд Харгиа цэвэрлэх байгууламжийн орчны бохирдлын судалгааг хийж, цэвэрлэн, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөмж өгсөн юм. Дээрх үйл ажиллагаанууд хоёр орны арьс ширний салбар дахь хамтын ажиллагааны илрэл болон улам сэргэн өргөжиж байна. 


Чехийн технологийг нэвтрүүлж буй “Баянгонгор” компани нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх арьс ширний аж үйлдвэрийн бүсэд байрладаг, ноос, ноолуур угааж боловсруулах үйлдвэртэй юм. 

Related news