Монгол, Катарын агаарын тээврийн компаниуд харилцан нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-03-09 18:09:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчууд дэлхийд үйлчилгээгээрээ тэргүүлж буй агаарын тээврийн “Катар Эйрвэйз” компаниар үйлчлүүлэх боломжтой болж байна.


Тодруулбал, Монгол, Катар улсын хооронд шууд нислэг үйлдэх хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурлаа. Ингэснээр Улаанбаатараас Ойрхи Дорнод, Хойд Африк, Булангийн орнууд руу зорчигч, ачаа тээвэрлэх боломжтой боллоо.


Хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд аялал жуулчлал, бизнес, худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжих маш том боломж бий болно гэдгийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт онцолж байна. Ялангуяа Монголоос шинэ эко мах, хушны самар өндөр үнээр экспортлох, зундаа 50-60 хэм хүрч халдаг Арабын орнуудаас Монголд жуулчлалаар ирэх боломжууд нээгдэнэ гэж харж байна. Ийнхүү манай улс 40 дэх улстайгаа агаарын харилцааны гэрээ байгуулж, шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.


Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ ТӨХК Катар улс руу карго ачааны томилгоо авсан юм. Энэ нь хоёр улсын агаарын тээврийн компаниуд чөлөөтэй нислэг хийх боломжтой болж буйг ЗТХЯ-наас тодотгож байна. Харилцан нислэгийг зах зээлийн эрэлт, захиалгад нийцүүлэн үйлдэнэ. Эхний ээлжид манай улсаас экспортын мах, ноолуур тээвэрлэх юм.

Related news