Даац хэтрүүлсэн тээвэрлэгчээс гадна ачаа илгээгч, хүлээн авагчтай хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-10 11:51:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ, АТҮТ, ЗТХТ, Тээврийн цагдаагийн газар хамтран авто замын даацад хяналт тавьж, даац хэтрүүлсэн жолооч тээвэрлэгчдээс гадна тухайн ачааг илгээгч, хүлээн авагчтай хариуцлага тооцохоо мэдэгдлээ.


Учир нь уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, цемент, шатахуун тээвэрлэгч зарим компани даац хэтрүүлэн, зам эвддэгээс болж улс орны эдийн засагт хохирол учруулаад зогсохгүй, хүний амь нас, эрүүл мэнд хохирох тохиолдол буурахгүй байгаа. Иймд УИХ-ын хаврын чуулганаар Авто тээврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхдээ, жин тонн, даац хэтрүүлсэн тээвэрлэлтийг хязгаарлах, хариуцлагыг улам чангатгах, авто замын норм, стандартыг шинэчлэн өөрчлөхийг тусгах юм.


Одоогоор Монгол Улс 7300 км хатуу хучилттай замаар 21 аймаг 110 сумыг холбоод байна. Энэ замаа хэрхэн арчилж хамгаалах нь шинэ зам барихаас дутахгүй чухал асуудал гэдгийг ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан тэмдэглээд, “ЗТХЯ, МТЗ компани хамтраад өмнийн говьд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд түлш шатахуунаа автозамаар бус, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглан Улаанбаатараас Цогтцэций хүртэл төмөр замаар тээвэрлэх боломж бүрдүүлээд байгаа”-г тэмдэглэв.


ЗТХЯ 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарласантай холбогдуулан авто тээврээр 34 сая тн ачаа, 1.4 сая зорчигч тээвэрлэх зорилт тавьж, авто замын барилгын норм нормативыг шинэчилж, 1274 км хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн 107 км авто замын их засвар, 311 км авто зам, 1205 у/м гүүрийн урсгал засвар хийх аж. 

Related news