ЗАВХАН: "Берлин-2023" зуны тусгай олимпод хоёр тамирчин оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-10 14:38:50

Улиастай/МОНЦАМЭ/. Тусгай олимпийн дэлхийн зуны наадамд оролцох тамирчдад батламж гардуулан өглөө.

ХБНГУ-д 2023 оны 6 дугаар сарын 17-25-нд "Берлин-2023" тусгай олимпын дэлхийн зуны наадам зохион байгуулна. Энэ наадамд дэлхийн 190 орны 7000 орчим тамирчин 26 төрлөөр оролцох юм.


Тус наадамд Монгол Улс спортын 9 төрлөөр оролцоно. Тусгай олимпод дауны хам шинж, аутизмын эмгэг, саажилт зэрэг оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус оролцдогоороо паралимпаас ялгаатай.


Монгол Улсын баг тамирчид 2015 онд Лос Анжелес хотод болсон Зуны наадам, 2017 онд Австри улсад болсон Өвлийн наадам, 2019 онд Абу Даби хотод болсон Зуны наадамд амжилттай оролцсон юм.


Монгол Улс, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журамд олон улс, тив, дэлхийн уралдаан тэмцээн, наадамд оролцох, бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна. 

Харин Завхан аймгаас хоёр иргэн оролцохоор болсон. Тусгай олимпын дэлхийн зуны наадамд Монгол улсаа төлөөлж, хамтарсан волейболын спортын төрөлд оролцохоор сонгогдсон Улиастай сумын Ерөнхий боловсролын III сургуулийн 10 дугаар ангийн сурагч Бат-Очирын Сарандагина, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс Батбаярын Оюунбилэг нар шалгарч оролцохоор болсон юм. Эдгээр тамирчдад, Завхан аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Түвшинжаргал батламж гардуулж, баяр хүргэлээ. Мөн олон улсын тэмцээнд оролцох үед нь тодорхой хэмжээний тусламж, дэмжлэгийг үзүүлэх юм гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Монгол Улсын хүн амын 2-3 хувь нь оюуны бэрхшээлтэй гэсэн ДЭМБ-ын тооцоолол байдаг бөгөөд тэдгээрийн 70 гаруй хувь нь 35 хүртэлх насныхан байдаг. Харамсалтай нь тэдгээр хүмүүсийн ердөө 4 хувь нь /ойролцоогоор 2000 орчим/ тусгай сургууль, цэцэрлэг, ангид хамрагдаж байгаа ба үлдсэн 96 хувь нь ямар ч боловсрол, ажил эрхлэлт, эрүүл мэндийн тэгш үйлчилгээ хүртэж чадахгүй гэрээр, ихэнх нь хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. 

Гэсэн хэдий ч тэднийг спортоор дамжуулан хөгжүүлэх, нийгмийн олон талын харилцаанд ороход нь туслах зорилгоор дэмжиж үйл ажиллагаа явуулсны үр дүн гарч байгаа. Ер нь хүүхдийг спортоор дамжуулан зөвхөн бие бялдраас илүүтэй, оюун ухаан, харилцааны чадварыг нь хөгжүүлж болдог. Түүний нэг нь зуны олимпод оролцох эрхээ авсан Б.Оюунбилэг юм. Тэрбээр төрөлхийн оюуны хөнгөн хомстолтой гэсэн оноштой ч сургуулийн сурагч байх үеэсээ спортоор хичээллэж тодорхой амжилтад хүрсэн. Тухайлбал, 2017 онд, 15 настай байхдаа Австри улсад зохиогдсон Өвлийн тусгай олимпоос цасны гуталтай гүйлтийн төрлийн 100 метр, 200 метрийн төрлөөр хос мөнгөн медаль хүртсэн тамирчин юм. Анх 13 наснаасаа эхлэн гүйлтийн цанын төрлөөр хичээллэсэн. Түүнээс хойш аймаг, бүсдээ тэргүүлж, 2016 онд улсын аварга болсноор өвлийн олимпод оролцох эрхээ авч байсан.  

Ер нь хөгжлийн ямар нэгэн бэрхшээлтэй хүүхдүүдийг багаас нь хөгжүүлж, тэднийг спортоор дамжуулан, ирээдүйн зорилго зорилтыг нь хамтдаа хөгжүүлэх нь чухал байдаг. Эцэг, эх, багш нар, шийдвэр гаргах түвшний удирдлагууд, найз нөхөд гээд хамтын оролцоотойгоор хүүхдүүдийг хөгжүүлэх нь амжилтыг авчирдаг тод жишээ бол Б.Оюунбилэг юм.


Эдгээр хүүхдүүд өөрсдийгөө бусдын адилаар хөгжих боломжтой гэдгээ мэдэрч, ойлгох нь хамгийн чухал алхам болдог. Өөрөөр хэлбэл нийгэм ч, бусад хүн ч тэднийг аливаа харилцаа, үйлчилгээнд хамруулахдаа ялгаварлахгүй, тэгш  хүртээмжтэй хандаж, "ардаа үлдээхгүй" байх нь тэдэнд маш том дэмжлэг болдог гэсэн үг.


Завхан нутгаас шалгарч, Монгол улсаа төлөөлөн, зуны олимпод оролцох тамирчид маань амжилт үзүүлнэ гэдэгт найдаж байгаа гэж, Монголын Тусгай Олимпын хорооны Завхан аймаг дахь салбараас нэмж мэдээлэв. 

Related news