СЭЛЭНГЭ: Тамхи нь халдварт бус өвчинд өртөх суурь шалтгаан болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-10 15:31:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг Сэлэнгэ аймгийн ЭМГ-т боллоо.

 

Хэлэлцүүлгийн гол зорилго нь Монгол Улсын нэгдэн орсон “Тамхины хяналтын суурь конвенц”-д нийцүүлэх, тамхины төрлийн бүтээгдэхүүнд утаат болон утаагүйг хамаатуулахын зэрэгцээ, электрон тамхийг хуульчлах юм, цаашлаад шаардлагатай тохиолдолд онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, мөн хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэжээ.  

 

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од “Тамхины тахалтай тэмцэх асуудал зөвхөн эрүүл мэндийн асуудал төдий биш юм. Иймээс бүхэл бүтэн улс, үндэстний төдийгүй дэлхий нийтийн хөгжлийн тулгамдсан асуудал болсоор байна. Иймээс ЭМЯ-наас хаврын ээлжит чуулганд хуулийн төсөл өргөн барихаар аймгуудад энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тамхи нь халдварт бус өвчинд өртөх суурь шалтгааны нэг. Дэлхийн эрүүл мэндийн салбар үүнтэй тэмцсээр ирсэн, цаашид ч тэмцсээр байх юм” хэмээв.

 

Хэлэлцүүлэгт эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагын, мөн иргэний байгууллагын төлөөллүүд оролцсон байна.

Related news