АРХАНГАЙ: Эргүүл хяналтын Smart системийг нэвтрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-15 12:02:47

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Лондонгийн амьтан судлалын нийгмэлэгээс аймгийн БОАЖГ, МХГ, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа, Хангайн нурууны байгалийн цогцолборт газар, Цэнхэр сумын сум дундын ойн анги, Булган сумын ЗДТГ зэрэг байгууллагатай хамтран сүүлийн 4 жилийн турш Булган сумын Хойд могойн гол тээлийн орон нутгийн тусгай хамгаалалттай газар болон бусад дөрвөн суманд дэлхий нийтэд ашиглаж байгаа Smart эргүүл, хяналтын системийг туршжээ.


Энэ систем нь Монголын нөхцөл байдалд тохирч байна гэж үзэн Архангай аймгийн бүх сумын байгаль хамгаалагч нарт ашиглуулахаар “Байгаль хамгаалалд хяналтын тогтоцооны шинэчлэл” сургалтыг зохион байгуулж, апликейшнийг утсан дээр нь суулгаж өгч, хэрэглээнд нэвтрүүллээ.

 

Сургалтад аймгийн сумдын байгаль хамгалагчид, улсын байцаагчид, идэвхтэн байгаль хамгаалагчид, нөхөрлөлийн гишүүд оролцсон юм. Сургалтын зорилго нь Smart хяналт шалгалтын системийн талаар мэдээлэл өгч, хэрхэн ашиглах, ямар үр дүнтэй байдаг талаар мэдээлэл өгөв.

 

Smart системийг дэлхий нийтэд өргөн хэрэглэж байгаа ба олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хяналтын систем ажээ. Үүнийг Монгол Улс 2024 он гэхэд тусгай хамгаалалттай бүх газарт нэвтрүүлж, хэрэглэнэ гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа аж.

 

Сүлжээгүй нөхцөлд ч ажилладаг Smart системийг ашиглаж байгаа байгаль хамгаалагч нь тухайн өөрийн хариуцсан газар нутагтаа хэрхэн ажилласан тухай үр дүнг тайлагнах, дата мэдээгээ цуглуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тухайлбал, уг системийг ашиглаж буй байгаль хамгаалагч өөрийн хариуцсан газар нутгаар явсан маршрут, чиглэл,  илрүүлсэн зөрчил, судалгаа мэдээлэл цуглуулах, гэмт хэрэг, зөрчлийг газар дээр нь мэдээллийг нь боловсруулж, хэрэг бүртгэл нээж, зургаар баримтжуулах гэсэн давуу талтай аж.

 

Тус системийг ашиглагч Эрдэнэбулган сумын байгаль хамгаалагч П.Нямдаваа Булган сумын тусгай хамгаалалтай газар ажлын чиг үүргийн дагуу хяналт, шалгалтаар Smart системийг ашиглан ажиллаж байхдаа хууль бус мод бэлтгэлийн зөрчлийг илрүүлж, баримтжуулан Smart системийн асуулт, дарааллын дагуу баталгаажуулж, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлж шийдүүлжээ. Энэ ажил нь ямар нэг хүний нөлөөнд автахгүй, толгой сервертээ байгаль хамгаалагчийн явсан маршрут зэрэг бүх мэдээлэл нь ирдэг учраас тухайн газар гарсан зөрчил 100 хувь шийдэгдэх давуу талтай хэмээн П.Нямдаваа ярив.

Related news