Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн форумд Хятадын 200 гаруй хөрөнгө оруулагч оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-16 13:29:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. SIS 2023“ буюу “Монгол-хятадын бизнес эрхлэгчдийн форум” Улаанбаатар хотноо эхэллээ.


Монголын Залуучуудын холбоо санаачлан Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан уг форумд банк санхүү, хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлсэн Хятадын 200 гаруй хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалт татах сонирхолтой Монгол Улсын 200 гаруй аж ахуйн нэгж, 250 гаруй бизнес эрхлэгч оролцож байна. Эдгээр хөрөнгө оруулагчдыг урьсан нь сүүлийн 10 жилд буюу 2010 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаогийн айлчлалаас хойш зохион байгуулж буй бизнесийн хамгийн том үйл ажиллагаа юм.


Форумыг нээж МЗХ-ны Ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар хэлсэн үгэндээ, “Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойших 74 жилийн хугацаанд улс төр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаа амжилттай өрнөж буйн нэг чиглэл нь залуучуудын байгууллагын хамтын ажиллагаа” гэдгийг дурдаад, "Хятадын хөрөнгө оруулагчид Монголын бизнес эрхлэгчтэй холбоо тогтоон, төслүүдтэй нь танилцаж, нэг саяас дээш ам.долларын хөрөнгө оруулна. Хөрөнгө оруулалт нь улс орны хөгжлийг тэлэх механизм юм. Эдийн засаг өсөж, үйлдвэрлэл нэмэгдэж, худалдааны эргэлт сайжирснаар ажлын байр нэмэгдэж, цалин сайжирч, улмаар залууст тулгарч буй нийгмийн олон асуудлыг шийднэ” гэдгийг онцоллоо.


Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн Вэй Шань Дун “Бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлж, сайн түншүүд болно гэдэгт итгэлтэй байна. Газар нутаг, хил залгаа бид эдийн засаг, худалдаагаар холбогдсон хамтын ажиллагааг өрнүүлэхийг хүсэж байна. Хөрөнгө оруулах гэж буй компаниудад баталгаа их хэрэгтэй. байдаг. Хөрөнгө оруулалтын байдлаас дурдвал Хятадын нэг барилгын компани өнгөрсөн оны 6 дугаар сараас судалгаагаа эхлүүлж, 10 тэрбум юанийн хөрөнгө оруулахаа илэрхийлсэн” хэмээсэн юм.


Капитрон банк энэ оны эхний хагас жилд Хятадын банкуудаас 100 сая ам.долларын санхүүжилт авахаар болсноор иргэдэд таатай нөхцөлөөр зээлийг тогтвортой олгох боломжтой болж байгааг тус банкны Байгууллагын харилцааны хэлтсийн захирал Б.Батхуяг хэлж байлаа.


Хятад-Францын Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн парк Хөгжлийн компанийн Багийн ахлагч Ван Ши Жие ярихдаа, “Хятад-Монголын хооронд урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмждэг. Бие биенээ дэмжиж, хоёр тал ашигтай хөгжих боломжтой. Иймд харилцан ашигтай хөрөнгө оруулахыг хүсэж байна. Миний хувьд төмөр зам, тээвэр, хот байгуулалт, шинэ эрчим хүч, олон улсын худалдаа, эмчилгээ, боловсрол, соёлын салбарыг сонирхож байгаа. Манай компани 2022 онд 12 тэрбум юанийн хөрөнгө оруулсан. Ази, Африкт зэс, нүүрсний уурхай, 7000 км-ийн төмөр замын байгуулалт, 3 хувьцаат компанитай. Энэ удаа Монголын нүүрсний салбарыг ихээр сонирхож, хамтран ажиллах хүсэлтэй байна. Форумд Хятадын томоохон компаниуд оролцож буй учраас чанартай хөрөнгө оруулах байх” гэв.


Форум өнөөдөр банк санхүү, хөдөө аж ахуйн салбараар эхэлж, маргааш уул уурхай, барилгын салбарын чиглэлээр үргэлжилнэ.


БНХАУ нь манай улсын тэргүүлэгч хөрөнгө оруулагч бөгөөд одоогоор 5.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. 1990 онд 41.2 сая ам.доллар байсан 2 улсын худалдааны эргэлт өнгөрсөн оны гүйцэтгэлээр 11 тэрбум ам.долларт хүрчээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сард БНХАУ-д айлчлах үеэр 2 улсын төрийн тэргүүн ойрын хугацаанд худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх тал дээр дээд түвшинд санал нэгдсэн билээ.


Манай улсын ДНБ-ий 10 орчим, улсын нийт хөрөнгө оруулалтын 30-50 хувийг гадаадын хөрөнгө оруулалт бүрдүүлдэг судалгаа бий. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд улсын төсөвт жилд дунджаар 200 тэрбум төгрөгийн орлогын албан татвар төвлөрүүлдэг. Манай улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай 14 мянга орчим аж ахуйн нэгж байгаагийн 50 хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани эзэлдэг аж. 

Related news