БУЛГАН: Эрсдэлээс сэрэмжлүүлж самбар байрлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-17 09:12:02

Булган /МОНЦАМЭ/ Томоохон гол мөрөн, нуурын мөс хайлж байгаа учир Онцгой байдлын газраас мөс цөмрөх, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна. Хутаг-Өндөр сумын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид урин дулаан цаг ирж гол, мөрөн, нуурын мөс нимгэрч, хайлж байгаатай холбогдуулан мөс цөмрөх эрсдэл бүхий голын эрэг дагуу зургаан цэгт анхааруулах самбар байрлуулсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр:

          - Иргэд анхааруулга, сэрэмжлүүлгийг сайн дагаж, аливаа эрсдэлээс өөрсдийгөө сэргийлж байгаа учраас сүүлийн үед мөсөнд цөмрөх аюулд өртөх нь бага байна. Өнгөрсөн онд мөсөнд цөмөрсөн нэг дуудлага ирсэн бол энэ он гарсаар энэ төрлийн ослын мэдээлэл ирээгүй гэж ярилаа. Мэргэжлийн байгууллагаас өгч буй анхааруулга зөвлөгөөг дагах, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авах, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хүчтэй салхи шуурганаас болгоомжлохыг Онцгой байдлын газраас зөвлөж байна. Зарим гол мөрний мөс олон жилийн дунджаас нимгэн байгаа талаар Ус цаг уур, орчны шинжилгээний байгууллага мэдээлжээ.

Тухайлбал Сэлэнгэ мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас Хутаг-Өндөр сумын төв орчмоор 23 см бага, Ачуут голынх Булган сумын төв орчмоор гурав дахин нимгэн байгаа аж.

Related news