ЗАВХАН: Гадаргын усны сүлжээ их байдаг ч усны нөөцөөр баруун бүсдээ бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-20 16:11:04

Улиастай/МОНЦАМЭ/. 1992 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 22 буюу Дэлхийн усны өдрийг усны тодорхой сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Энэ өдрийн хүрээнд улс орнуудад устай холбоотой аливаа асуудлын талаар мэдлэг, мэдээлэл солилцох, бусдад түгээх, өөрчлөлт хийх, хэлэлцэх боломжийг олгодог. 2023 оны дэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” уриатай тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.


НҮБ-ын усны 34-р уулзалтаар, 2023 оны Дэлхийн усны өдөр болон Дэлхийн ариун цэврийн байгууламжийн өдрийн кампанит ажлыг “Өөрчлөлтийг хурдасгая” (Accelerating Change) уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тиймээс энэ жил, дэлхийн усны өдөр нь ус болон ариун цэврийн байгууламжийн асуудал, хямралыг шийдвэрлэхэд шаардлагатай аливаа өөрчлөлтийг хурдасгая гэж уриалж байна.  



/Завхан гол Хяргас нуурын сав газар/

Усгүй юм гэж энэ дэлхийд байхгүй, ус бүгдэд хамаатай, бүгдэд нөлөөлнө. Тийм учраас хүн бүхэн усны асуудлаар санаа зовж, өөрийн чадах бүхнээ хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг янз бүрийн түвшинд, цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг онцолж байгаа аж.


Завхан аймгийн тухайд, нийт нутаг дэвсгэрийн 0,98 хувь буюу 81045 га талбайг усны сан бүхий газар эзэлж байна. Үүнээс 63.4 хувь буюу 51045 га талбайг гол, 36.6 хувь буюу 29491 га талбайг нуур цөөрөм, тойром эзэлдэг.

Гол мөрний эзлэх талбайд өөрчлөлт ороогүй ба нуур, тойрмын эзлэх талбай нь сүүлийн таван жилийн дотор 509 га-гаар буюу 0,63 хувиар буурсан байна.


Тиймээс усны нөөцийг хамгаалах бодлого боловсруулж, олон нийтэд ус ашиглалтын талаарх тогтвортой сурталчилгаа мэдээлэл хийх нь чухал байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.

Завхан аймгийн гадаргын усны хамгаалалтын бүс нь нийт нутаг дэвсгэрийн 5.8 хувь буюу 483720,4 га талбайг эзэлдэг. Гадаргын усны бохирдол, нөөцийг хомсдохоос сэргийлэх зорилгоор хамгаалалтын бүсэд байгаа газар ашиглалтуудыг шилжүүлэх арга хэмжээг сүүлийн гурван жил хийж байна.


Байгаль орчны яамны гаргасан судалгаагаар Завхан аймаг нь гадаргын усны сүлжээ ихтэй боловч цэвэр усны нөөц, Монгол Улсын хэмжээнд гадаргын болон гүний усны нөөцөөр бага аймагт багтаж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийт гадаргын усны нөөцийн 0.12 хувь, хөрсний усны 0.16 хувийг Завхан аймаг бүрдүүлж байна.


 Иргэд усны үр ашигтай ашиглалтыг одооноос эхлүүлэх нь зүйтэй

Завхан аймаг нь усзүйн сүлжээгээр Хойд мөсөн далайн ай сав, төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамрагддаг.

Тодруулбал, Хойд мөсөн далайн ай савд Идэрийн гол, төв Азийн гадагш урсгалгүй ай савд Тэсийн гол, Хүнгүйн гол, Байдраг голууд орж байна.

Монгол орны нутаг дэвсгэрийг 29 усны ай савд хуваадаг. Тэгвэл Завхан аймгийн нутаг дэвсгэр нь дөрвөн голын ай савд хамаарагдаж байна.

Нэгдүгээрт, Идэр голын сав, Увс нуур-Тэс голын сав, Хяргас нуур-Завхан голын сав, Дэлгэрмөрөн голын сав гэсэн ай савуудад багтдаг.

Гадаргын усны нөөцөөр хамгийн их нь Увс нуур-Тэс голын сав, хамгийн нөөц багатай нь Хяргас нуур-Завхан голын сав газар байна. Харин газрын доорх боломжит усны нөөцөөр хамгийн их нь Хяргас нуур-Завхан голын сав, хамгийн нөөц багатай нь Идэрийн голын сав газар орж байна.

Эндээс үзэхэд тус аймгийн хэмжээгээр гадаргын усны сүлжээ их байдаг ч усны нөөц баруун бүсийн хэмжээнд бага байгаа нь харагдаж байна.

Иймд усны нөөцийг хамгаалах бодлогыг боловсруулж ажил хэрэг болгох. Гадаргын усанд хамгаалалтын бүс төлөвлөж, ашиглалтыг хязгаарлах бодлогыг сум, аймгийн түвшинд барьж ажиллаж байна. Мөн газрын доорх боломжит усны нөөц бүхий сав газарт олборлох үйл ажиллагаа явуулж буй уурхай болон эдгээр сав газарт амьдарч буй иргэд усны үр ашигтай ашиглалтыг одоогоос эхлүүлэх нь зүйтэй юм гэж аймгийн Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас нэмж дуулгалаа.  


2022 оны Дэлхийн усны өдрийг “Газрын доорх ус” сэдвийн дор нэгдэхийг НҮБ-аас дэлхийн улс орнуудад уриалж байсан.

Энэ нь та бидний нүдэнд үл харагдах далд баялаг болох газрын доорх усыг судлах, үнэ, цэнийг таниулах, бохирдол, хомстлоос хамгаалах. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, нөөцийг зохистой ашиглах оновчтой менежмент хийхийг уриалж ач холбогдлыг нь таниулан тэмдэглэн өнгөрүүлсэн юм.


Тиймээс өнгөрсөн жил Монгол Улсад үүссэн усны асуудал, тэр дундаа усны нөөц, ундарга, эх үүсвэрүүдийг хамгаалахтай холбогдуулан "Цэнхэр алт" үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ. Энэ үйл ажиллагааны үеэр усны асуудлыг олон нийтэд ойлгуулах, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх болон салбар хоорондын мэдээллийг нэгтгэх, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар ярилцаж, ажил хэрэг болгох эхлэл тавигдсан юм. 

Холбоо нуурын цэнхэр мэлмий. Завхан аймаг, Нөмрөг сум. Гэрэл зургийг: П.Баатарзоригт

Завхан гол. Завхан аймаг, Дөрвөлжин сум. Гэрэл зургийг: П.Баатарзоригт

Related news