АРХАНГАЙ: Есөн сумын 17885 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-23 16:57:31

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Ойн аж ахуйн арга хэмжээний салшгүй нэг хэсэг нь ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажил юм. Ойн хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах ажлын зорилго нь ойн хөнөөлт шавжийн тархалт, зүйлийн бүрэлдэхүүн, гол хөнөөл учруулж буй шалтгааныг тогтоосны үндсэн дээр тэмцлийн ажлыг технологийн дагуу, нарийн хяналттай гүйцэтгэх нь чухал.


Эрдэмтдийн судалгаагаар Монгол Улсад 700 гаруй зүйлийн хөнөөлт шавжийг бүртгэсэн байгаагаас 7 баг, 56 овог, 168 төрөл, 400 орчим зүйлийн шавж жил бүр их, бага хэмжээгээр ойд хөнөөл учруулж байна гэжээ. Эдгээрээс якобсоны төөлүүрч эрвээхэй, бургасны бийрэн сүүлт эрвээхэй их хэмжээний ойн санг хамран тархсан байдаг ба Сибирийн хүр эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй зэрэг зүйлийн онцгой аюулт хөнөөлт шавж Архангай аймгийн их ойтой хэсэгт тархаж, чийг, хур тунадсаар дутмаг, хуурайшилт ихтэй жил богино хугацаанд үй олноор үржин их хэмжээний ой модыг хөнөөн сүйтгэсээр байна.


Аймгийн ойн санд навч, шилмүүсний хөнөөлт шавжийн зүйлийн бүрэлдэхүүн, тархалтын цар хүрээ, биологи-экологийн онцлогийг тогтоох судалгааны ажлыг жил бүрийн хавар, намар мэргэжлийн байгууллага (Ойн газар) орон нутгийн ойн анги, байгаль хамгаалагч нартай хамтран явуулдаг.


2022 оны намрын судалгааны ажлыг 15 сумын 400.0 мян.га ойн сангийн талбайг хамруулан гүйцэтгэсэн байна. Судалгааны ажлын дүнгээс үзэхэд 15 сумын 78.3 мянган га ойн сангийн талбайд 2 төрөл /якобсоны төөлүүрч эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч/-ийн хөнөөлт шавж тархаж, хөнөөлийн голомт үүссэнийг судалгаагаар тогтоосон байна.


2023 онд Архангай аймаг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 614,000,000 төгрөгийг шийдвэрлэж, 17885 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулан ойн санг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Булган, Жаргалант, Ихтамир, Өлзийт, Өндөр-Улаан, Тариат, Төвшрүүлэх, Цэнхэр, Хотонт зэрэг 9 сумын 17885 га талбайд тэмцлийн ажлыг хийнэ. Ихтамир сумын 6271 га талбайд агаарын хөлөг ашиглан ойн хөнөөлт шавжтай тэмцэх бол бусад суманд үүргийн шүршигч багаж ашиглах юм.


Мөн 800 мянган га талбайд хөнөөлт шавжийн судалгааг хийхээр төлөвлөжээ. Энэ ажлыг хоёрдугаар улиралд багтаан хийх ажээ.


Мөн доройтсон ойг нөхөн сэргээх замаар ойжуулалт хийх ажлыг Булган, Цэнхэр, Тариат, Хайрхан сумын нутагт нийт 15 га талбайд орон нутгийн төсвийн 180.0 сая төгрөгийн хөрөнгөөр энэ оны 2, 3 дугаар улиралд хийх аж.  


Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг оновчтой цаг хугацаанд нь түргэн шуурхай гүйцэтгээгүй тохиолдолд дараагийн жилүүдэд ойн сан сэргэн ургах чадвараа алдаж, өсөлт хөгжилт зогсох нөхцөл үүсдэг байна. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын зардлыг улс, аймгийн төсвөөр гүйцэтгүүлэхэд хангалтгүй, тэмцлийн ажлыг нийт талбайд зохион байгуулахад төсвийн хөрөнгө дутагдалтай байгааг мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Related news