Япон руу аялал жуулчлалын зорилгоор зорчих визийг цахимаар хүлээн авч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-27 07:56:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улс руу аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар зорчих визийн мэдүүлгийг өнөөдрөөс цахимаар хүлээн авч, цахим виз олгохоор болжээ.


Үүнд, эхний шатанд тус улсын ЭСЯ визийн мэдүүлгийг урьдчилсан байдлаар хүлээн авах ба шаардлагатай материал бүрэн эсэхийг нягталж байж албан ёсоор хүлээн авсанд тооцох аж. Нэгэнт илгээсэн виз мэдүүлгийн материалын мэдээлэл дутуу тохиолдолд бүртгүүлсэн утасны дугаар, эсвэл цахим шуудангаар холбогдох юм байна.


Виз мэдүүлгийн материалыг албан ёсоор хүлээн авсан нь тодорхой болж байж материалтай нарийн танилцах ба албан ёсоор хүлээж авсан өдрийг оруулан ойролцоогоор ажлын 4 хоногийн дараа виз мэдүүлгийн хариу болон хураамжаа төлөх тухай агуулга бүхий цахим шууданг илгээх гэнэ. Мөн виз мэдүүлгийн материалтай танилцах шалгалтын явцад шаардлагаас хамаарч тухайн виз мэдүүлэгчийг ЭСЯ-д биечлэн ирж ярилцлагад орохыг шаардах тохиолдол гарч болно.


Виз олгохоос татгалзсан хариу гарсан тохиолдолд хариуг цахим шуудангаар илгээх бөгөөд татгалзсан шалтгааны талаар тайлбар хийхгүй болохыг тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлж байна. Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/sashoonline20230327mn.html?fbclid=IwAR0ZOBpEUVnDg5mDe9kwOQFl11IJaRbbKiQaae4XV5CUolicRRgQccdKWn8 линкээр үзэх боломжтой.

Related news