Н.Учрал: Shilen.gov.mn платформыг хөгжүүлснээр нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-27 11:28:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас энэ оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд таван “Ш” ажиллагааг зарласан ба тэдгээр ажиллагааны нэг болох “Шилэн” арга хэмжээний хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас эхлүүлж буй Shilen.gov.mn нэгдсэн платформын талаар салбарын сайд Н.Учрал өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Тэрбээр энэ үеэр "Энэхүү нэгдсэн платформыг байгуулснаар нийт 3426 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг нээлттэй болгож байна. Ингэснээр нэгдүгээрт, иргэд төрөө тогтмол хянах, хоёрдугаарт, хэвлэлийнхэн илүү эх сурвалжтайгаар мэдээлэх бололцоо бүрдэнэ. Гуравдугаарт, ТББ-уудыг эх сурвалжтай мэдээллээр хангадаг болно. Дөрөвдүгээрт, бизнесийн шударга өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ. Тавдугаарт, иргэндээ нээлттэй төрийг бий болгоно. 


Мөн ажлын хүрээндээ сар бүр шилэн индексийг зарлана. Өнөөдрийн байдлаар, Shilen.gov.mn нэгдсэн платформд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллүүдийг тавиад буй. Бид төрийн бүх байгууллага руу өнгөрсөн оны сүүлчээр мэдээллээ хуулийн хүрээнд ил болгох албан бичиг хүргүүлсэн. Энэхүү албан бичигт 12 аймаг огт хариу ирүүлээгүй. Ирүүлсэн аймгуудын мэдээллийг 4 шалгуур үзүүлэлтээр нягталж үзэхэд, 43 хувьтай гарсан. Яамдаас 10 нь мэдээллээ ирүүлсэн. Үнэлгээ хийж үзэхэд, 66 хувьтай гарлаа. 38 агентлагаас 18 нь мэдээллээ ирүүлээгүй. Тэдгээрт үнэлгээ хийхэд 54 хувьтай гарсан нь нэг ёсондоо мэдээллээ ил тод болгох үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг. Тиймээс иргэд, хэвлэл мэдээллийнхэн хяналт тавья гэвэл мэдээлэл хариуцагчдаас мэдээллээ ил тод болгохыг шаардах эрхтэй. Одоогийн байдлаар бидний гаргаж тавьж буй мэдээлэл бол мэдээлэл хариуцагч нараас өгсөн мэдээлэл юм. Далд мэдээллүүд нээлттэй, ил тод болсноор нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээх боломжтой" гэв.

Related news