Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон машиныг ачиж журамлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-27 14:48:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон автомашиныг ачиж журамлаж байна.


Иргэдээс ирүүлсэн мэдээлэл, мөн камераар илрүүлэн одоогоор 30 гаруй машины эзэнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто замын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэл хүргүүлснээс хойш 7 хоногт машинаа аваагүй бол ачиж журамлана. Журмын хашаанд аваачсан тохиолдолд төлбөр бодогдох юм.

Түүнчлэн машин дээр нь мэдэгдэх хуудас нааж байгаа бөгөөд зарим иргэн машинаа авч, зогсоол, талбай чөлөөлжээ.


Машинаа удаан хугацаанд үлдээснээр дугуй нь хагарах, эд ангийг нь хулгайд алдах, өнгө үзэмж нь муудах зэрэг өмчид хохирол учирч, хулгайн гэмт хэрэг гарах шалтгаан болж байна. Нөгөө талаас оношилгоонд ороогүй, авто зам ашигласны төлбөр төлөөгүй тохиолдол байдаг тул зөрчлийг арилгах, гэмт хэргээс сэргийлэх, мөн нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоол чөлөөлөхөөр ийм арга хэмжээ авч байгааг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тэмдэглэв.


Ийм машины талаарх мэдээллийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ, ulaanbaatar.mn веб сайт, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн төвийн 1800-1200 дугаарын утсаар авч байгаа аж. 

Related news