ДАРХАН-УУЛ: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнууд хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болох эхлэл тавигдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-28 11:30:22

Дархан /МОНЦАМЭ/. Нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагынхаа үйлдвэрчний эвлэл, орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөж, хамтын ажиллагааны хүрээнд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК ажилчдаа орон сууцтай болохоор боллоо. Тодруулбал, тус үйлдвэр “Монгол ган” нэртэй 800 айлын орон сууцны цогцолбор барихаар өнгөрсөн баасан гарагт шав тавьсан аж. 




Дархан-Уул аймгийн Дархан сумын 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дархан сумын нутаг дэвсгэрт төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК, Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд дэд бүтэцтэй газар ажилчдын орон сууцны барилга барих газрыг эзэмшүүлэхээр болж гэрчилгээ олгосон. Гэрчилгээг энэ оны нэгдүгээр сард аймгийн Засаг дарга Б.Азжаргал байгууллагын удирдлагуудад гардуулан өгч байсан. Дээрх гурван байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөө ийнхүү тус үйлдвэрээс эхэлж байна.




Өнөөдрийн байдлаар “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д 1560 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Нийт ажилтан, албан хаагчдын 60 хувь нь гэр хороололд, 10 орчим хувь нь түрээсийн байранд амьдардаг аж. Тус үйлдвэрийн нийт ажилтнуудын дунд тулгамдаж буй нийгмийн байдлын судалгаа явуулахад шийдвэрлэх асуудлын хамгийн эхэнд орон сууцтай болох санал хүсэлт эрэмбэлэгджээ. Тухайн асуудлыг үе үеийн дарга нарт тавьж шийдвэрлүүлэхээр хүргүүлж байсны үр дүнд биелэлээ олж байна гэж үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдэж байна.


Орон сууцны хүсэлт ирүүлсэн ажилтнуудын 70 гаруй хувь нь уурхайд, 30 хувь нь үйлдвэрийн ажилтнууд ажээ. “Монгол ган” цогцолборыг бүтээн байгуулахад “Азийн барилга” групптэй хамтран ажиллаж, санхүүгийн дарамтгүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгох зорилгоор энэхүү ажлыг эхлүүлсэн гэж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Г.Дугаржав онцоллоо.



Зээлийн батлан даалтын сантай хамтран ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааг 12 хувь хүртэл бууруулахаар яриа, хэлцэл хийж байгаа аж. Мөн тус үйлдвэрийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд тэргүүний 50-60 ажилтны урьдчилгааг компаниас шийдэх, ар гэрийн гачигдалтай зарим ажилтанд үнэ төлбөргүй орон сууц өгөхөөр судалж байна гэж мэдэгдлээ.

 

Related news