Ч.Тамираа: Хоёр хуулийн заалт зөрчилдөж байгаа тул аль нэгийг хүчингүй болгох шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-28 13:16:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас баталсан Эм, эмийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “Эм, эмийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын хилээр оруулж ирэхэд тусгай зөвшөөрөл аваагүй нөхцөлд хилээр оруулахыг хориглоно” гэж заасан байдаг.


Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлоход зөвшөөрөл авна” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд зөвшөөрөл аваагүй бол импортлохыг хориглоно” гэсэн заалт хэрэгжиж байгаа. Харамсалтай нь, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх хуулиудын заалт зөрүүтэй байна. Үүнийг УИХ шийдэж, хууль хоорондын зөрчлийг арилгаж, аль нэг заалтыг хүчингүй болгох шаардлагатайг ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа сэтгүүлчдэд мэдээлэв.

Хуулийг хэрэгжүүлж буй ГЕГ энэ хоёр хуулийн зөрчлийг арилгах санал санаачилга гаргаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт албан тоот хүргүүлээд байгаа ч одоогоор хариу ирээгүй байна. 


Хувийн хэрэглээнд, бусдын захисан биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу витаминыг илгээхдээ манай улсын эмийн бүртгэлд орсон эсэхийг хянах нь зүйтэйг тус байгууллагаас тэмдэглэж байлаа. Зарим витамин улсын бүртгэлд ороогүй нөхцөлд улсын бүртгэлд бүртгүүлэх үүднээс дээжийг нь лабораторийн шинжилгээнд хамруулахаар түр саатуулсан тохиолдол байдаг аж.


Гаалийн байгууллага нь 2023 оны эхний улиралд 427 зөрчил илрүүлснээс 7 нь хэрэг бүртгэл, 4 нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байжээ. Мөн торгуульд 380 сая, нөхөн татварт 750 сая төгрөг ногдуулсан байна.


Түүнчлэн, Монгол Улсын хилээр энэ сарын 25-нд адууны өлөн, чулуу нэвтрүүлэхээр завдсаныг Хятадын цагдаагийн газартай хамтран илрүүлжээ. Тодруулбал, иргэн Бат-Эрдэний автомашины эд ангийг нуувч болгон ашиглаж, 314.9 кг адууны хатаасан өлөн, иргэн Чулууны автомашинаас 310 кг говийн чулуу, иргэн Галхүүгийн автомашинаас 51.2 кг чулуу илрүүлсэн зөрчлийг хуулийн дагуу шалгаж байгаа аж. Эрээний боомтод бүртгэгдсэн эдгээр зөрчил нь чулуу, өлөн зэргийг машины дугуй дотор болон гаднах эд ангид тоноглон нуусан байсныг рентген төхөөрөмжөөр илрүүлжээ. 


Related news