Ш.Энхийн-Од NBA-д тоглох анхны монгол сагсан бөмбөгч болох уу?
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сагсан бөмбөгийн ертөнц дэх хамгийн хүчирхэг лиг болох NBA (National Basketball Association)-д Монголын анхны сагсан бөмбөгчин тоглох цаг мөч ойртсоор.
АНУ-ын Оюутны лиг
(NCAA)-ийн нэгдүгээр дивизион буюу дээд ангилалд монгол хүний мөрийг анх
гаргасан, "Дэйтон флайерс" багийн тоглогч Шаравжамцын
"Майк" Энхийн-Од энэ жилийн NBA draft буюу шинэ тоглогчдын сонгон
шалгаруулалтад нэр нь орсон гэдгийг спортын томоохон суваг ESPN-ийн эх
сурвалжаас (сэтгүүлч Jonathan Givony анх мэдээлсэн) уламжлан Daytondailynews.com,
Hoopshype.com, Fieldlevelmedia.com
гэх мэт олон мэдээллийн хэрэгслээр шуугиад эхэлжээ.
Ш.Энхийн-Од
өнгөрсөн хавар АНУ-ын ахлах сургуулийн 2022 оны төгсөлтийн Дэлхийн шигшээд
багтан АНУ-ын үе тэнгийнхнийхээ шигшээ багтай хийсэн тоглолтод оролцож, намраас
нь Дэйтон их сургуулийн багийн хамгаалагч болж, улирлын турш амжилттай тоглон
"Атлантик-10" конференцын шинэ тоглогчдын бэлгэдлийн шигшээд
нэрлэгдсэн юм.
Түүнийг Монголын
шилдэг сагсан бөмбөгч, нэгэн цагт АНУ-д тоглож явсан, МУГТ Ц.Шаравжамцын хүү
гэдгийг спорт сонирхогчид мэднэ. Тэгэхээр үе дамжсан сагсан бөмбөгч гэсэн үг.
Ш.Энхийн-Одод
NCAA-ийн шилжилт, наймааны цонхоор өөр их сургуулийн багт орох боломж байсан ч
мэргэжлийн замналаа эхлүүлэхийг илүүд үзсэн бололтой хэмээн дээрх хэвлэлүүдэд
бичсэн байна.
“NBA Draft 2023
нь зургаадугаар сарын 22-нд Нью-Йоркийн Брүүклинд явагдах юм” хэмээн АНУ-д амьдарч
буй спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин мэдээлэл дамжууллаа.