Монгол, Латвийн хоорондох худалдааны эргэлт 4 сая ам.доллар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-29 12:30:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Латви хоёр улсын худалдааны эргэлт 4 сая ам.доллар байна. Үүнээс импорт 48.2 мянган ам.доллар, экспорт 3.520 сая ам.доллар байна. Хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнесийн хамтын ажиллагааны салбар, цар хүрээг улам өргөжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй байгаа талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Бүгд Найрамдах Латви Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майя Маникаг хүлээн авч уулзах үеэр илэрхийллээ.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага Бельги улсын Брюссель хотноо МҮХАҮТ-ын салбар танхимыг удахгүй нээх гэж буйг мэдээлж, энэ нь Монгол Улс Европын холбооны улс орнуудтай худалдаа, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд бодит үр дүн үзүүлнэ гэж харж байгаа гэв.


Латви нь Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахад нөөц бололцоо бий гэдгийг хоёр тал уулзалтын үеэр онцоллоо. Тус улс манай улсын хамгийн ойр хөрш, БНХАУ-ын ӨМӨЗО-нд сүү, сүүн бүтээгдэхүүний хамтарсан үйлдвэр байгуулан ажиллуулж буй туршлагыг дурдлаа.


Элчин Сайд Майя Маника Латви улс Монголын мэдээлэл технологи, ойн үржүүлгийн салбарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн буйг тэмдэглэв. Мөн тус улсын их, дээд сургуулиудад монгол оюутнуудыг сургах, тэр дундаа нисэхийн чиглэлээр сургах нь Хөшигийн хөндийн "Чингис хаан" нисэх буудал нээгдсэнтэй холбоотойгоор цаг үе олсон хэрэг болохыг дурдаж, нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Related news