ХОВД: Жилд дунджаар 134 мянган тонн хог хаягдал үүсэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-31 12:54:31

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймаг  Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрөө шинэчлэн баталлаа.

Тус хөтөлбөр 2023-2026 онд хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд 5 зорилтын хүрээнд 26 заалт бүхий ажлыг өрнүүлэх юм.

Судалгаанд тусгаснаар Ховд аймгийн хэмжээнд жилд дунджаар 134 мянган тонн хог хаягдал үүсдэг. Үүнээс хамгийн их буюу 60 мянган тонн хог хаягдал нь Жаргалант сумын нутаг дэвсгэрт бий болж байна.

Тус аймагт одоогоор 17 хогийн цэг байгаа бөгөөд нийт 436 га талбайг эзэлдэг. Үүнээс хамгийн их буюу 278 га талбай бүхий хогийн цэг нь Жаргалант сумын хог хаягдлын төвлөрсөн цэг юм.

Орон нутагт хог хаягдлын менежментийг сайжруулах, орчны доройтол бохирдлыг бууруулах шаардлага үүссэн учраас цаашид дээрх хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлын төвлөрсөн цэгийн эзлэх га талбайн хэмжээг багасгахад анхаарах аж.

Мөн аймгийн төвд 171 орон сууцанд 4200 гаруй айл өрх оршин суугаа. Иймээс орон сууцны хогийн савыг шинэчлэх, 51 байршилд орчин үеийн стандарт бүхий хогийн сав суурилуулахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх үйл явцыг оновчтой болгож, үйлчилгээний ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулна.    

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг нарийвчлан тогтоож, төвлөрүүлэх системийг бүрдүүлнэ. 

Мөн байгаль орчинд ээлтэй хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал олгох, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд хог хаягдлын талаар зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадвар, үнэт зүйлс, хандлагыг төлөвшүүлэх, "Хоггүй Ховд" аяныг жил бүр зохион байгуулах, олон улсын болон орон нутгийн зам дагуу стандартын хогийн цэг, нийтийн эко бие засах газартай болох, сум, суурин газарт хогийг ангилан ялгах, ухаалаг киоск машин, камержуулалт, цахим мэдээллийн технологийг нэвтрүүлэх зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  


Ховд аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаан энэ сарын 30-нд болж, 10 гаруй асуудал хэлэлцэж баталсан. Үүний нэг бол Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр байв.   

 


Related news