Зам талбайд 266 тонн бодис, 250 тонн давс цацжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-02 14:25:15
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн оройноос нийслэл хот орчмоор цас орж, цаг агаар хүндэрсэн тул холбогдох албаныхан шаардлагатай арга хэмжээг авч, газар дээр нь ажиллажээ.


Тухайлбал, цас орж эхэлснээс хойш нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт 190 ажилтан тусгай‌ зориулалтын 45 машин, техниктэйгээр уртасгасан цагаар ажилласан байна.


Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд дулааны шугам задарсан тул холбогдох албаныхан ажиллаж гэмтлийг зассан байна. Тодруулбал, нийт 44 блок, 1000 орчим айл өрх, 100 гаруй аж ахуй нэгжийг дулаанаар хангадаг сүлжээнд гарсан гэмтэл дээр холбогдох газрын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, шугамыг сольжээ. 


Дөрөвдүгээр сарын 2-ны 12:00 цагийн байдлаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт  зам талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 120 машин, техниктэй ажиллан цас арилгаж, 266 тонн бодис, 250 тонн давс цацжээ. Цас арилгах, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажил үргэлжилж байна. 

Related news