Ховд аймгийн Жаргалант сум хүндэтгэлийн хуралдаанаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-06 19:10:37

2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ хүндэтгэлийн хуралдаан хийлээ.

Хуралдаанд Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар, Жаргалант сумын ЗДТГ-ын ажилчин албан хаагч нар оролцжээ.

Хүндэтгэлийн хуралдаанд ИТХ-ын дарга Н.Энхтөр, Сумын дарга Д.Баасандорж  нар илтгэл тавьж өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаа дүгнэн ярилцаж, хамтран ажилласан иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажилтан албан хаагч нийт ард иргэддээ талархал дэвшүүллээ.

Жаргалант сумын ИТХурал өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэд хэдэн томоохон ажлуудыг амжилттай хийж хэрэгжүүлж ажил хэрэг болгосон нь ард иргэдийн талархал хүлээж байдаг.

Тухайлбал  газрын зөрчил маргаан буурсан, газар олголтын асуудлыг эмх цэгцтэй шийддэг болсон, хотын мал бүхий иргэд, малын захыг хотын төвөөс гаргасан, шинээр орон сууц, зам, зочид буудал, үйлдвэр үйлчилгээний олон арван  бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Түүнчлэн Ховд хотын төвд хатуу хучилттай зам, явган хүний болон дугуйн зам зэргийг тавьсан, хотын гэрэлтүүлгийг нэмэгдүүлж хотын өнгө үзэмжийг сайжруулсан зэрэг олон бүтээн байгуулалтыг хийсэнийг хүндэтгэлийн хуралдаан дээр  онцлон тэмдэглэлээ.

Үүнээс гадна Жаргалант сумын ажлын байранд засвар хийж ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулснаас гадна  иргэний танхимтай болж иргэдэд илүү нээлттэй ил тод үйлчилдэг болсон  зэрэг томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн юм.

А.Бямбасүрэн

 

Related news