Цэргийн зардлаар АНУ, Хятад, ОХУ тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-04-24 11:41:56

СТОКХОЛМ. /SIPRI/. 2022 онд дэлхийн улс орнууд цэрэг зэвсгийн зардалд 2.24 их наяд ам.долларт зарцуулсан нь өмнөх оныхтой харьцуулахад 3.7 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Стокхолмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс (SIPRI) даваа гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар, цэрэг арми, батлан хамгаалах салбартаа хамгийн их хөрөнгө мөнгө зарцуулсан орнуудын эхний гуравт АНУ, Хятад, ОХУ оржээ.


Тус гурван улс дэлхийн улс орнуудын нийт зардлын 56 хувийг эзэлж байна. Украины байдал, Зүүн Азийн хурцадмал байдал 2022 онд цэргийн зардал өсөх гол хүчин зүйлс болжээ. Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын цэргийн зардал найм дахь жилдээ дараалан нэмэгджээ. Европын орнуудын цэргийн зардал 13 хувиар өссөн нь үндсэндээ Орос, Украины мөргөлдөөнтэй шууд холбоотой байсан боловч тус улсад үзүүлж буй тусламж, ОХУ-аас учирч буй аюул занал бусад улс орнуудыг ч цэргийн төсвөө нэмэгдүүлэхэд хүргэсэн байна.


"Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд цэргийн зардлаа өсгөсөөр байгаа нь бид улам бүр найдваргүй болж буй ертөнцөд амьдарч байгаагийн шинж тэмдэг юм. Аюулгүй байдлын салбар муудаж байгаатай холбогдуулан улс орнууд цэргийн хүчээ бэхжүүлж байгаа бөгөөд ойрын ирээдүйд сайжрах хэтийн төлөв харагдахгүй байна” гэж SIPRI-ийн зэвсгийн зардал, үйлдвэрлэлийн хөтөлбөрийн ахлах судлаач Нан Тян онцолжээ. 


Төв болон Баруун Европын орнуудын цэргийн зардлын хэмжээ хүйтэн дайны үеийн түвшинд эргэн ирснийг тайланд онцлон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн онд Төв Европын орнуудын зардал 345 тэрбум ам.доллар болж, 1989 оны үзүүлэлтээс анх удаа давсан бөгөөд 2013 оныхтой харьцуулбал 30 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Зарим улс орон батлан хамгаалахын зардлаа хэдийнээ нэмэгдүүлсэн бол зарим нь нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдээд байгаа билээ. Финланд (36 хувь), Литва (27 хувь), Швед (12 хувь) болон Польш улс (11 хувь) цэргийн зардлаа эрс нэмэгдүүлжээ.


Төв, Баруун Европын орнууд ийм шийдвэр гаргахад Украины байдал шууд нөлөөлсөн гэж хүрээлэнгийн шинжээчид үзэж байна. 


АНУ, Хятад, Оросын зардал

Цэргийн зардлын хэмжээгээр АНУ тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн онд тус улс 877 тэрбум ам.доллар зарцуулсан нь дэлхийн улс орнуудын нийт зардлын 39 хувийг эзэлж байгаа бөгөөд жагсаалтын хоёрдугаарт эрэмблэгдэж байгаа Хятадын цэргийн төсвөөс гурав дахин их байна. Хэрэв АНУ-ын инфляц 1981 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч өсөөгүй бол цэргийн зардал бүр ч илүү их байх байсан гэж шинжээчид онцолжээ. 


"АНУ-ын цэргийн зардал 2022 онд нэмэгдсэн нь Украинд урьд өмнө байгаагүй их хэмжээний санхүүгийн тусламж үзүүлсэнтэй холбоотой. АНУ-ын зардал багахан хувиар өссөн ч дэлхийн цэргийн зардлын түвшинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна" гэж Нан Тян бичжээ. 


Украинд үзүүлсэн АНУ-ын цэргийн тусламж 2022 онд 19.9 тэрбум ам.доллар болжээ. Хэдийгээр энэ нь хүйтэн дайн дууссанаас хойш нэг хүлээн авагчид олгосон хамгийн их хэмжээний тусламж боловч АНУ-ын цэргийн нийт төсвийн дөнгөж 2.3 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд тус улс цэргийн болон дэмжлэг үзүүлэх ажиллагаанд зориулж 295 тэрбум ам.доллар, зэвсэг худалдан авах, судалгаа, боловсруулалтын ажилд 264 тэрбум ам.доллар, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд зориулж 167 тэрбум ам.доллар зарцуулжээ. 


Цэргийн зардлын хувьд дэлхийн хоёр дахь том гүрэн Хятад улс өнгөрсөн онд цэргийн хэрэгцээнд зориулж 292 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь 2021 оныхоос 4.2 хувь, 2013 оныхоос 63 хувиар их үзүүлэлт юм. Тус улсын цэргийн зардлын хэмжээ 28 жил дараалан өсжээ.


ОХУ-ын хувьд өнгөрсөн онд цэргийн зардал нь  SIPRI-ийн шинжээчдийн таамаглаж байсанчлан 9.2 хувиар нэмэгдэж 86.4 тэрбум ам.долларт хүрсэн нь ДНБ-ий 4.1 хувьтай тэнцсэн байна. Жилийн өмнө энэ үзүүлэлт ДНБ-ний 3.7 хувьд тэнцэж байжээ. Шинжээчид өнгөрсөн оны Оросын мэдээлэлд эргэлзэж байгаа бөгөөд нарийн, тодорхой бус гэж үзэж байна. 


Бусад орнуудын зардал

НАТО-гийн гишүүн орнуудын нийт зардал 2022 онд 1.232 их наяд ам.доллар болж, өмнөх оныхоос 0,9 хувиар өссөн байна. Төв болон Баруун Европын орнуудаас Их Британи хамгийн их буюу 68.5 тэрбум ам.долларын зардал гаргасан бөгөөд үүний 2.5 тэрбум долларыг (3.6 хувь) Украинд тусламж үзүүлэхэд зарцуулжээ.


2022 онд Украины цэргийн зардал 44 тэрбум ам.долларт хүрсэн нь нэг жилийн дотор 640 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ нь SIPRI-ийн цэргийн зардлын тооцооны түүхэнд тэмдэглэгдэж байгаагүй их хувь хэмжээ юм. 


Ази, Далайн орнуудын цэргийн нийт зардал 575 тэрбум ам.доллар болж, 2021 оныхоос 2.7 хувь, 2013 оныхоос 45 хувиар өсжээ. 


Японы цэргийн зардал 2021 оноос 2022 он хүртэл 5.9 хувиар нэмэгдэж, 46 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 1.1 хувьд хүрсэн байна. Энэ нь 1960 оноос хойш засгийн газраас цэрэг армидаа хуваарилсан хамгийн их хэмжээний хөрөнгө юм. "Япон цэргийн бодлогодоо гүн гүнзгий өөрчлөлт хийж байна. Тус улс цэргийн зардалдаа тавьсан хязгаарлалтыг сулруулж байгаа бололтой" гэж хөтөлбөрийн судлаач Сяо Лян онцолсон байна. 


2022 онд Энэтхэг улс цэргийн зардлаар дөрөвдүгээрт оржээ. 2021 оныхтой харьцуулахад энэ зардал нь зургаан хувиар нэмэгдэж, 81.4 тэрбум ам.доллар болжээ. Цэргийн зардлаа 16 хувиар нэмэгдүүлж, 75 тэрбум ам.долларт хүргэсэн Саудын Араб жагсаалтын тавдугаарт бичигдсэн байна. Тус улсын батлан хамгаалахын салбартаа зарцуулсан хөрөнгө мөнгө 2018 оноос хойш анх удаа нэмэгджээ. 


Related news