“Barilga EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармаг үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-01 14:37:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, барилгын материал, дэвшилтэт техник, технологи, хаус, шинэ орон сууцны төслүүдийг танилцуулдаг “Barilga EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармаг 4 дэх өдрөө үргэлжилж байна.


Үзэсгэлэнгийн эхний 3 өдөр “Барилгын материал, техник технологи” хэсгээр өрнөж, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага барилгын салбарт хамгийн сүүлийн үед нэвтрүүлсэн шинэ техник, технологио танилцууллаа. Энэ үеэр урамшуулалтай худалдан авалт хийж, салбарын мэргэжилтнүүд барилгын материалын үнэ ханшийн судалгаа, газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем, барилгын материалын үйлдвэрлэл, еБарилга хот төлөвлөлт, барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог хангах нь, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцад дэвшилтэт материалыг ашиглах, барилгын материалын цахим худалдааны боломж, акустик систем ба сүүлийн үеийн шийдэл, мөнх цэвдэгтэй хөрсөнд барилга барих онцлогийн талаар илтгэл хэлэлцүүлэв.


Олон улсын үзэсгэлэн зохион байгуулснаар дэлхийн улс орнуудын барилгын салбарын брэндүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтийг нэмэх, цаашлаад дотоодод үйл ажиллагаа явуулж буй компаниуд олон улсын компанитай хамтын ажиллагаа харилцаа холбоо тогтоох, туршлага судлах зэрэг давуу талууд бий болох юм.


"Мишээл экспо" төвд 16 дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэн, яармаг энэ сарын 5-7-нд “International fair”, 12-14-нд “Шинэ орон сууц, үл хөдлөх хөрөнгө” хэсгээр үргэлжилнэ. 

Related news