Авто тээврээр оны эхний улиралд 13.9 сая тонн ачаа тээвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-01 14:53:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто тээврээр энэ оны эхний улиралд 13.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 10.5 (4.1 дахин) сая тонноор өсжээ.


Энэ өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 9.4 (3.9 дахин) сая тонноор өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэсэн байна.


Авто тээврээр энэ оны эхний улиралд давхардсан тоогоор 30.5 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 9.2 (23 хувь) сая хүнээр буурлаа. Үүнд нийслэлийн нийтийн тээврээр зорчигч (давхардсан тоо) 8.3 (21.9 хувь) сая хүнээр буурсан нь нөлөөлжээ. Харин авто тээврээр тээсэн ачаа энэ оны эхний улиралд өмнөх улирлынхаас 1.4 (11.6 хувь) сая тонноор, зорчигч 1.4 (4.8 хувь) сая хүнээр нэмэгдсэн байна.


Авто тээврийн салбарын орлого энэ оны эхний улиралд 249.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 149.6 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд ачаа тээврийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 140.5 (3.1 дахин) тэрбум, зорчигч тээврийн орлого 9.1 (29 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин авто тээврийн орлого энэ оны эхний улиралд өмнөх улирлынхаас 17.6 (6.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан аж.

Related news