Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн Үндэсний хороог ойрын хугацаанд хуралдуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-01 15:45:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ-ноос Олон улсын хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах өдөр буюу тавдугаар сарын 1-нд ҮЭ-ийн гишүүд, зарим салбарын төлөөлөл оролцсон тайван цуглааныг зохион байгуулав.  

“Хүн төвтэй нийгэм, зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй орлогыг дэмжих” уриан дор болсон цуглааны үеэр УИХ, Засгийн газар, Монголын нийт ажил олгогч нарт мэдэгдэл хүргүүллээ.


Мэдэгдлийг Засгийн газрын зүгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатар хүлээн авч, “Засгийн газар ҮЭ-ийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Цаашид ч хамтарч ажиллана. Та бүхний тавьж буй шаардлагыг нухацтай судалж авч үзнэ” гэдгээ мэдэгдлээ. 


МҮЭ-ийн холбооноос мэдээлснээр, маргааш буюу тавдугаар сарын 2-ны өдөр Засгийн газрын холбогдох албаны төлөөлөл, ХНХ-ын сайд Х.Булгантуяа болон МҮЭ-ийн холбооны төлөөллийг оролцуулсан уулзалтыг зохион байгуулах талаар мэдэгдэв. Мөн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороог ойрын хугацаанд хуралдуулах талаар санал солилцоно гэв. МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газар, Монголын нийт ажил олгогч нарт хүргүүлж буй мэдэгдэлд:

  • УИХ-д, нийгмийн даатгалын тогтолцоог шинэ шатанд гаргах, тэтгэврийг өвлүүлдэг болох, хөдөлмөрийн хүнд нөхцөлийг хэвээр үлдээх зэрэг нийгмийн хүлээлт ихтэй байгаа асуудлыг нийгмийн даатгалын багц хуульд бүрэн тусган шийдвэрлэх.
  • Засгийн газарт, цалин хөлстэй холбоотой тогтоолуудад өөрчлөлт оруулан цалин хөлс нь огт нэмэгдээгүй, инфляцын түвшингээс бага хувиар нэмэгдсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг ялгаварлалгүй ижил түвшинд 2023 оны төсвийн тодотголд оруулж эхний хагас жилд багтаан шийдвэрлэх,
  • Монголын нийт ажил олгогч нарт, Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг ханган, ажилчдын эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ хэлэлцээрийг шинэ шатанд гарган хөдөлмөрийн харилцааны зохист хэмжээг орон нутаг, салбар, аж ахуйн нэгж байгууллагын онцлогт нийцүүлэн тогтоох гэсэн байна. 

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news