Орон нутгийн нислэгийг идэвхжүүлэхэд хамтран ажиллах хүсэлт тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-04 11:08:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн нислэг, үйлчилгээг сайжруулснаар улирлын чанартай аялал жуулчлал, дотоодын аялал жуулчлал хөгжих боломжтой. Мөн иргэд аймаг, орон нутаг руу хүртээмжтэй зорчих юм. Энэ талаар ИНЕГ, БОАЖЯ-наас өнөөдөр төвийн болон орон нутгийн 20 нисэх буудлын албан хаагч нартай танхимаар болон цахимаар зохион байгуулсан өглөөний уулзалтаар хэлэлцлээ.

Уулзалтад оролцогчид орон нутгийн нислэгийг сэргээн идэвхжүүлэх гарцын талаар санал солилцож хамтран ажиллах хүсэлт тавив. Үүнд:

  • Онгоцны түлш, шатахууны үнийг хямдруулах,
  • Ингэснээр орон нутгийн нислэгийн тоог нэмэх,
  • тийзийн үнийг хямдруулахад анхаарах,
  • Агаарын тээврийн компаниуд мөн дотооддоо шийдвэрлэх арга зам хайх
  • Орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын нисэх буудал болгож эргэлтэд оруулах, хувийн хэвшлийг дэмжихэд төрөөс бодлогыг дэмжлэг үзүүлэх;
  • Аялал жуулчлалын бүсийг тусад нь бий болгож хөгжүүлэх;
  • Нисэх буудлуудын үйлчилгээ, нислэг ялгамж, заагийг яаралтай гаргаж өгөх. Ялангуяа Шинэ нисэх буудал болон Буянт-Ухаа нисэх буудлын заагийг тодорхой болгох талаар хэлэлцлээ.


Уулзалтад БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ, тус яамны төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, БОАЖ-ын сайдын зөвлөх О.Одбаяр, мөн яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од болон ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны Хилийн боомтын захиргаа, боомтын үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Д.Балдорж нар оролцлоо.


Одоогийн байдлаар дотоодод Увс, Баян-Өлгий зэрэг алслагдсан аймгууд руу цөөн тооны нислэг үйлдэж байна. Өнгөрсөн жил дотоодын нислэг хийж буй зарим компани нисэх тийзийн үнийг 150-200 мянган төгрөгөөр хямдруулсан ч үнэ өндөр хэвээр байгаагаас зорчигчид цөөн байсан тул агаарын тээврийн компаниуд зарим нислэгийг цуцалсан юм.


Дотоодын нислэгийн үнэ өндөр байдаг нь Монголын агаарын тээврийн компаниуд дэлхийн зах зээлийн үнээс 500 гаруй ам.доллароор их, үнэтэй шатахуун авдаг. Мөн дотоодын нислэгийн компаниуд НӨАТ төлдөг. Ингэснээр нийт зардлын 40-50 гаруй хувийг шатахууны зардал эзэлдэгтэй холбоотой юм. Үүнийг бууруулж чадвал билетийн үнэ 8-10 хувиар буурах боломжтойг ЗТХЯ-наас мэдээлж байна. 

Related news