Барилгын материалын чанарыг баталгаажуулалт, тохирлын гэрчилгээгээр тодорхойлдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-04 15:57:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ковид цар тахлын нөлөөгөөр манай улсад барилгын материал хомсдож, үнэ өнгөрсөн 2 жилд 80 гаруй хувиар өссөн. Тэгвэл үнэ энэ оноос тогтворжиж, ханган нийлүүлэлт нэмэгдэж буй талаар Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас өнөөдөр мэдээллээ.

Тодруулбал, барилгын гол материал арматурын дундаж үнэ нэг тонн нь 2.6 сая, цементийн үнэ 390 мянган төгрөг байгаа нь 10-15 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Гэхдээ дээрх үзүүлэлт цар тахлын өмнө үеийн байдалд хүрээгүй байгааг Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням хэлж байна.


"Barilga expo-2023" олон улсын үзэсгэлэн яармаг маргааш буюу энэ сарын 5-нд нээгдэж буйтай холбоотойгоор Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням мэдээлэхдээ, “Энэ жилийн үзэсгэлэн яармагт БХБЯ, Барилгын хөгжлийн төв хамтран, барилгын материалын чанарыг сайжруулах, үнийн өсөлтийг тогтворжуулж бууруулахад анхаарах байдлаар зохион байгуулж байна” гэв. Тодруулбал,

  • Импортын материалыг дундын 3-4 зуучлагч этгээдийг оролцуулахгүйгээр шууд оруулж татан авах,
  • Манай улсын барилгын материалын голлох импортлогч орон ОХУ, БНХАУ-аас гадна 3-4 дэх орнуудын буюу Итали, Турк, БНСУ, Казахстан улсаас оруулж ирэх, тэдгээр улсын төлөөллийг үзэсгэлэн-яармагт оролцуулж туршлага, инновац технологийг нэвтрүүлэхэд ажиллаж байна гэв.


Барилгын материалын үнэ 10-15 хувиар буурчээ.


Барилгын материалын чанарын тодорхойлолтын талаар түүнээс тодруулахад, тухайн материалд Барилгын тухай хуулийн дагуу бүтээгдэхүүн баталгаажуулалтыг хийлгэх шаардлага тавьж, ийм замаар чанарыг үзэн тохирлын гэрчилгээг олгохоос гадна тогтмол хянаж шалган ажилладаг гэв.

Барилгын хөгжлийн төв барилгын материалын үнийн судалгааг 891 төрлийн материал дээр хийж, 3-4 төрлөөр гаргажээ. 


Related news