Сири улс 10 гаруй жил тусгаарлагдсаны эцэст Арабын ертөнцөд эргэн ирж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-08 15:56:53

КАИР. /BBC/.  Башар Асадын дэглэмийг эсэргүүцсэн жагсаалыг хүч хэрэглэн дарж, улмаар иргэний дайн дэгдсэний дараа Сиритэй таслаад байсан харилцаагаа Арабын ертөнц сэргээлээ. 


Тодруулбал, Арабын улсуудын холбоо Египетэд ням гарагт болсон уулзалтынхаа үеэр Сири улсын гишүүнчлэлийг сэргээжээ.  


Уг уулзалтад тус холбооны гишүүн 22 орноос 13 улсын Гадаад хэргийн сайд нар оролцсон байна. Одоо Башар Асад тавдугаар сарын 19-нд Эр-Риядад болох нөлөө бүхий энэхүү байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох урилгыг авах нь баталгаатай болж буй юм. 


Тэрбээр Сирид 300 мянган хүний амийг авч одсон дайнаас болж Арабын ертөнцөөс таслагдсан юм. НҮБ-ын тооцоолсноор, дахиад 100 мянга орчим хүн сураггүй алга болсон эсвэл эрүүгийн газарт хоригдсон бол 21 сая хүн амынх нь хоёр хүний нэг нь дүрвэгч болсон байна. 


2011 оны 11 дүгээр сард Арабын орнуудын холбоо Сири улсын гишүүнчлэлийг түр зогсоосон бөгөөд харилцаа хэвийн болох шинж тэмдэг жилийн өмнө л ажиглагдаж байв. Өнгөрсөн оны гуравдугаар сард Асад мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа Арабын оронд (Арабын Нэгдсэн Эмирт Улс) айлчилсан бөгөөд ерөнхийдөө тэрбээр энэ хугацаанд Орос, Иранаас өөр улсад айлчлаагүй гэж хэлж болно.


Чухамдаа Саудын Арабын гол өрсөлдөгч Ираны байр суурь бэхжиж байгаа нь Арабын ертөнц болон Сири хоорондын харилцаа дулаарч буйн шалтгаан гэж шинжээчид үзэж байна. Ассадыг ганцаардуулах үед Техран түүнийг байнга дэмжиж, Сири дэх цэргийн оролцоогоо өргөжүүлжээ. 


Арабын орнуудын Гадаад хэргийн сайд нарыг Египетэд уулзахын өмнө Асад Ираны Ерөнхийлөгчтэй уулзсан бөгөөд Сирийн гишүүнчлэлийг сэргээх нь Ойрхи Дорнод дахь Ираны байр суурийг сулруулах зорилготой гэсэн ажиглагчдын таамаглалыг энэ уулзалт улам бататгав.


Арабууд Ассадыг хүрээндээ буцааж оруулсан боловч болзолгүйгээр хүлээж авахыг хүссэнгүй. Тэд Сири улс иргэний дайныг эцэс болгож, түүнээс үүдэлтэй цагаачлалын хямралыг намжааж, мөн мансууруулах бодисны наймааг таслан зогсоох ёстой гэж цохон тэмдэглэжээ. Эдгээр үйл явцад гарах ахиц дэвшлийг Египет, Саудын Араб, Ливан, Иордан, Иракийн төлөөлөгчид бүхий тусгайлан байгуулсан комисс хянана.

Related news