ДОРНОД: Бэлгийн замын халдварт өвчний илрүүлэлт, тусламж үйлчилгээ сайн гэж дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-16 15:55:39

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймаг бэлгийн замын халдварт өвчний тохиолдлын тоогоор улсын дунжаас дээгүүр байдаг. ХӨСҮТ-ийн ДОХ, БЗХӨТСТ-ийн дарга Ж.Даваалхам "Энэ нь эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, нөлөөллийн үйл ажиллагаа, эмчилгээ тусламж үйлчилгээ сайн байгаагийн илрэл" гэв. 


Өнгөрсөн онд Дорнод аймгийн БОЭТ-ийн БЗХӨ, ХДХВ, ДОХ-ын кабинет бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх ажлын үзүүлэлтээр улсад тэргүүлж, тусламж үйлчилгээнд ашиглах автомашинаар шагнуулсан юм. Энэ оны 12 дугаар сарын 1-ний ДОХ-той тэмцэх дэлхийн өдрөөр Дорнод аймагт төвтэйгээр улсын хэмжээнд томоохон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ хүрээнд ХӨСҮТ-ийн эмч нарын баг энэ өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж байна. 


Ташрамд дуулгахад, Дорнод аймгийн хэмжээнд бэлгийн замын халдвараар өвчлөгсдийн дотор 16-35 насныхан зонхилж байна. Харин 2018 онд хийсэн судалгаагаар бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн 16 хувийг 15-18 насны хүүхдүүд эзэлж байжээ. Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн өсвөр насныхны 11 хувь нь трихомониаз, 15 хувь нь тэмбүү, 18 хувь нь заг хүйтэн өвчний вирус тээж байсан гэсэн дүн мэдээ бий. Тус аймгийн хэмжээнд жил бүр “Эрүүл цус” аян, олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж олон нийтийг үзлэг шинжилгээнд хамруулснаар ийнхүү бэлгийн замын халдварт өвчний илрүүлэлт сайн байдаг.   

Related news