ДОРНОД: Зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр л нэг амьдрах сайхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-18 19:34:59

Чойбалсан /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөн шинэ соёл иргэншлийн эрэлд гарахын хэрээр эргээд унаган байгаль руугаа тэмүүлж байна. Харин бидэнд тэр бүх зүйл бий. Угтаа бидний уламжлалт ахуй соёл ямархан үнэ цэнтэй байсныг цаг хугацаа харуулж байна гэж Та боддог уу?

Нэгэн үе хот хүрээг олноороо зорьж, шахцалдаж шамбааралдан амьдрахыг илүүд үздэг байсан маань ул болж, эргээд хөдөө рүү чиглэж эхэллээ. Орон нутагт төвхнөж, шинэ хэв маяг, соёлыг нэвтрүүлж, үлгэр дуурайлал үзүүлж, байгальдаа ээлтэй тааваараа амьдрахыг хүсэх хүн олон болжээ.

Тэдний төлөөлөл бол жилийн өмнө Улаанбаатар хотоос Дорнод аймгийн Баянтүмэн суманд нүүн ирж, өвлийн хүлэмжийн аж ахуйгаа эхлүүлсэн Б.Болорхүү, Ц.Саранчимэг нар юм.   


Б.Болорхүү Улаанбаатар хотын унаган иргэн. Нийслэлд амьдарч байхдаа хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр хувийн бизнес эрхэлж байсан бол гэргий Ц.Саранчимэг нь Дорнодод төрж өссөн. Их сургуулиа төгсөөд хотод үлдэж ХХААХҮЯ, олон улсын байгууллагад ажиллаж байсан. Хөдөө аж ахуйн салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, жижиг төсөл, бизнесүүдийг хэрхэн хөгжүүлэх талаар идэвхтэй ажиллаж, мэдлэг туршлага хуримтлуулжээ.


Өнгөрсөн хавар дөрөвдүгээр сард гэрээ ачиж ирээд Баянтүмэн сумын баруун урд захад бууж, газар гэсмэгц хүлэмжийн барилгын ажилдаа оржээ. Өвлийн сэрүү орсон үеэр ажлаа дуусгаж, 12 дугаар сард 200 м.кв хэмжээтэй өвлийн хүлэмждээ юуцай, бууцай, салатны навч зэрэг нарийн ногоо тарьж, зах зээлд нийлүүлж эхэлсэн байна. Нэг удаагийн тариалалтаар 2.7 тонн өргөст хэмх, 400 кг навчит ногоог аймгийнхаа зах зээлд нийлүүлэх боломжтой гэж тооцоолж байгаа.


Залуу хосын байгуулсан “Ecoseed farm- Өвлийн хүлэмжийн аж ахуй” бол нарлаг хүлэмжийн загвараар барьсан, өвөл борлуулалт хийдэг аймагтаа ганц ААН юм. Мэргэжлийнхэн бол хамгаалагдсан хөрсний аж ахуй гэж нэрлэдэг. Гурван тал нь орон сууцны хана шиг, гадна талдаа хөөсөн фасадтай, нүүрэн талаараа цонхтой орчинд ногоо ургуулна гэсэн үг. Тун сонирхолтой.



Өвлийн улиралд 09.00-15.00 цагийн хооронд хүлэмжид нар тусах боломжтой. Зуны нар дээрээс төөнөдөг бол өвлийн нар хажуугаас тусдаг. Дулааны улиралд нар, ус байхад ногоо ургах боломжтой. Харин өвөл цагт агааржуулалт, халаалт, усалгаа, гэрэлтүүлэг гээд маш нарийн горим баримталж байж ургац хураадаг аж. Байгалийн нар тусахаас бусад үед хөнжлөө дэлгэж хаагаад, нар орлуулагч гэрлээ асаана. Доторх дулаанаа хадгалахаас гадна цахилгаан болон хатуу түлшний хосолсон зуухаар шөнө халаалтаа тавьж өгнө. Худгаасаа нөөцийн сав руу татсан ус өдөр бүлээсээд орой услахад тохиромжтой болдог.

 

Б.Болорхүү, Ц.Саранчимэг нар аж ахуйгаа хөл дээр нь босгоход 160 орчим сая төгрөг зарцуулж, Баянтүмэн сумынхаа хоёр иргэнийг ажлын байраар хангаад байна. Цаашдаа 1000 м.кв болгож өргөжүүлэх төлөвлөгөөтэй. Энэ төлөвлөгөөндөө таван жилийн дараа хүрнэ гэсэн зорилго тавьжээ. Одоогоор нийт өрхийн дөрвөн хувийг өвлийн цагт шинэ, нарийн ногоогоор хангаж байна. Хүлэмжийн аж ахуйгаа 1000 м.кв болгож өргөжүүлбэл нийт өрхийн 16 хувьд хүрч, эрүүл, чанартай, баталгаат ногоо хүнсэндээ хэрэглэх боломжийг бүрдүүлж чадах юм.


Залуу хос байгаа бүхнээ зарж борлуулаад хөдөөг зорихдоо ашиг орлого олохыг эн тэргүүнд тавиагүй гэж ярьсан. ХАА-н салбарт шинэ туршлага нэвтрүүлэх, эрүүл цэвэр экологийн хүнс нийлүүлэхийн тулд органик тариалан эрхлэхийг чухалчилсан. Хөдөөд ирж амьдрахад юу хийх вэ гэдгээ маш сайн тооцоолж төлөвлөх нь чухал гэж тэд зөвлөж байна.

Ecoseed farm- Өвлийн хүлэмжийн аж ахуй” ногоогоо Үйлчилгээний төвийн баруун талд “Органик маркет” дэлгүүрт худалдан борлуулж байна. Иргэд салхилангаа хүлэмжид нь очиж худалдан авах ч боломжтой.


Үнийн хувьд импортын ногооноос мэдээж өндөр. Түүхий эд, шатах тослох материалаас эхлээд өртөг өндөртэй, тэр хэрээр энд тарьж ургуулсан ногоо үнэтэй гардаг. Тиймээс ч хоолны газар, ресторан, дэлгүүрүүд органик ногоо бус хямд үнэтэй импортын ногоог илүүд үзэж байна. Зарим дэлгүүр “Ecoseed farm- Өвлийн хүлэмжийн аж ахуй”-н ногоог ганц хоёр удаа худалдан борлуулж иргэдэд эко ногоо зардаг гэсэн ойлголт өгмөгцөө эргээд импортын ногоогоо зарж эхлэх нь ч хэвийн үзэгдэл шахуу. Тиймээс хөрсөндөө томруулагч, жин нэмэгч, хадгалалт даах бодис хэрэглэдэггүйгээ баталгаажуулахын тулд “Органикийн тухай хууль”-ийн дагуу стандартаа баталгаажуулсан шошго наадаг болохоор зорьж байгаа.  


Ecoseed Farm- Өвлийн хүлэмжийн аж ахуй”-н захирал Ц.Саранчимэг: “Манай ногооны өртөг 9700 төгрөг байхад импортын ногоо 8000 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл зарж байгаа бүтээгдэхүүний 70-80 хувьд өртөг шингэдэг. Манай бүтээгдэхүүнийг дэлгүүрүүд худалдаж аваад 20-30 хувь нэмж байгаатай адил импортын ногоон дээр ч нэмж байгаа шүү дээ. Бас тээвэрлэлтийн зардал, урдаас худалдаж авсан анхны өртөг нэмэгдэнэ. Тэгэхээр хэдэн төгрөгийн үнэтэй ямар ногоо худалдаж авч идэж байгаа вэ гэдгээ бид бодох хэрэгтэй. Энд тарьсан навчит ногоо дэлгүүрийн хөргөгчинд 2-3 хоноод муудаж байхад импортын ногоог тээвэрлэж ирээд дэлгүүрт байж л байдаг. Сүү ч мөн л адил” гэсэн юм.


Сүүлийн үед хятад ногоон дээр монгол шошго нааж зарах тохиолдол их гарах болжээ. Улсын хэмжээнд цөөн тооны өвлийн хүлэмж бий. Гэтэл супермаркетуудад өвлийн хүлэмжийн ногоо ихээр худалдаж байсныг холбогдох байгуулагууд шалгаж тогтоожээ. Энэ бас л анхаарах асуудал. Тиймээс орон нутагт тарьж байгаа ногоог нэмэгдэл өртөг ороогүй үнээр худалдах цэгүүд шаардлагатай байна. Мөн энэ чиглэлийн аж ахуй, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамруулвал тэр хэрээр мөн өртөгт нөлөөлнө. 

Related news