“Тэрбум мод сан”-гийн шалгаруулалтад 34 төсөл шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-05-18 11:47:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Банкны холбоо, арилжааны банкууд болон Монголбанк хамтран “Тэрбум мод сан” байгуулсан юм. Тус сан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжин ойжуулалт, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлт хийж, экологийн боловсрол олгоход чиглэсэн төслүүдэд грант санхүүжилт олгох нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн оны 10 дугаар сард зарлаж, олон нийтэд мэдээлсэн.


Сонгон шалгаруулалтыг өнөөдөр “Улаанбаатар” галерейд танилцуулж, шалгарсан төслүүдийн төлөөлөлд батламж гардуулав. “Тэрбум мод сан”-гийн сонгон шалгаруулалтад 200 орчим төслийн санал ирснийг сангийн Удирдах зөвлөлийн дарга Э.Шагдарсүрэн мэдээллээ. Үүнээс 34 төсөл шалгарчээ. Эдгээр төсөлд 1.3 тэрбум төгрөгийг олгож, 37 га талбайд 105 мянга гаруй мод тарьж ургуулах юм.

 

“Тэрбум мод сан”-гаас нийт 1.34 тэрбум төгрөгийг 34 төсөлд олгож, 105.000 гаруй мод тарьж, 800.000 хүнд байгаль орчноо хайрлах эерэг хандлагыг бий болгох юм. 



Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар шалгаруулалтын ёслолд оролцож үг хэлэхдээ, "Ерөнхийлөгчийн санаачлан улс орон даяар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөнд Монгол Улсын бүх салбарын төлөөлөл, нийт иргэд хамрагдан гар бие, сэтгэл зүрхээрээ оролцон, өөр өөрсдийн хувь нэмрээ оруулж буй. Үүний нэг том илрэл нь банк, санхүүгийн салбар болж, “Тэрбум мод сан” болон өргөжиж байна" гэв. 

Тэрбээр, “Тэрбум мод” сангаас байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийх, олон нийтэд тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгоход чиглэсэн төслүүдийг санхүүжүүлж байгаа нь чухал дэмжлэг болж байгаа”-г тэмдэглэн хэлэв.


Мөн 20 мянган ам метр ногоон байгууламжийг бий болгож, 5 жилийн хугацаанд тогтмол арчилж, эргэн хянах юм гэдгийг “Тэрбум мод сан”-гийн болон Тогтвортой санхүүжилтийн (ТоС) холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь танилцууллаа. 


 


Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд “Тэрбум мод” санд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөхөө батламжлаад байна.




Шалгарсан төслүүдийг товч танилцуулбал:

  • Нэгд, нийслэлийн төрийн өмчит цэцэрлэг, ЕБС-ийн ногоон байгууламж байгуулах төсөлд, нийслэлийн Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургууль, 19, 51 дугаар сургууль, 94 дүгээр цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 159 дүгээр сургууль, 281 дүгээр цэцэрлэг зэрэг нийслэлийн төрийн өмчит 11 цэцэрлэг, 9 сургууль шалгарав.
  • Хоёрт, олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ой нөхөн срэгээлт, мод тарих төсөлд, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, “Түмэн модот хаалга” нийгэмд үйлчлэх ТББ, “Сумт” ойн нөхөрлөл, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, “JCI Монгол” ТТБ-ын Эко салбар, “Жаргалантын итгэлцэл” хоршоо, “Эрдэнэт номгоны хишиг” хоршоо,
  • Гуравт, олон нийтэд тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгох төсөлд, МУИС-ийн Экологийн боловсрол төв, “Паблик Лаб Монголиа” ТББ, “Марчаахай” студи, “Гурван сээр” ХХК, “Миний клуб” болон Уур амьсгалын аян” ТББ, “Про медиа нетворк” компани “Тэнгэр” телевизтэй хамтран “Цэнхэр толбо” төсөл хэрэгжүүлэхээр тус тус шалгарав.


Төслүүдийг байгаль орчны хамгаалал, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, агро-ойн аж ахуй, сургалт-судалгаа, санхүүгийн чиглэлийн 24 салбарын экспертүүдээс бүрдсэн хараат бус, мэргэжлийн техникийн түр хороо сонгон шалгаруулжээ. “Тэрбум мод сан”-гийн шалгаруулалт цаашид үргэлжилнэ гэдгийг тус сангийн гүйцэтгэх захирал Э.Номиндарь мэдэгдлээ.


“Тэрбум мод сан”-гийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкууд, хандивлагч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Related news