ТӨВ: Музей жилд гадаад, дотоодын 18000 орчим үзэгчид соёлын өвийг сурталчлан таниулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-19 10:15:29

Зуунмод /МОНЦАМЭ/. Олон улсын музейн өдрийг энэ жил “Музей, тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” сэдвийн дор тэмдэглэж байна. Тус өдрийг угтан Төв аймгийн музейгээс 5 дугаар сарын 8-ны өдөр “Манзуширын хийд” сэдэвт шашны эд зүйлийн үзэсгэлэнг Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд зохион байгуулсан.


Мөн 5 дугаар сарын 11-ий өдөр “Хөдөлгөөн эрүүл мэнд” эко аяллыг Манзуширт, 5 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Соёлын байгууллагуудын дунд спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсан байна. Түүнчлэн 5 дугаар сарын 17-нд “Манзушир Түүх, соёлын дурсгалт газар” Музейн өдөрлөг, нөлөөллийн ажлыг Манзуширт тус тус зохион байгуулжээ.


Төв аймгийн музей нь Бага хурлын Тэргүүлэгчдийн даргын 1951 оны шийдвэрээр Орон нутаг судлах кабинет нэртэй байгуулагдсан. Тус кабинетыг  БНМАУ-ын Соёлын сайдын тушаалаар 1966 онд Орон нутаг судлах  музей болгон өөрчлөн зохион байгуулж, 1991 оноос Төв аймгийн музей болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн Богд хан уулын өвөрт байрлах Манзушир “Байгалийн музей”, “Шашны музей” гэсэн 2 салбартайгаар үйл  ажиллагаагаа явуулж байна. Музей нь жилд гадаад, дотоодын 18000 орчим үзэгчдэд соёлын  өвийг  үзүүлж сурталчлан, танин мэдэхүйн мэдээлэл өгөн ажиллаж байна.

Related news