ДАРХАН-УУЛ: “ХУРДАН” цэгээс төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-22 15:03:17

Дархан /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, түүний хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, аймгийн ЗДТГ хамтран Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэхээр “ХУРДАН” төвийг Дархан хотод нээн ажиллуулж байна. 

Уг төв нь төрийн үйлчилгээг иргэдэд операторын горимоор үзүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэлгүйгээр авах боломжийг бүрдүүлжээ. “ХУРДАН” цэг нь дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг 1500 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлсэн аж.





“ХУРДАН” цэгээс иргэд лавлагаа, тодорхойлолт авахаас гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх үйлчилгээг нэг дороос авах боломжтой ажээ.



Мөн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас 2023 онд багтаан “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгүүдээр дамжуулан 55 байгууллагын 780 орчим төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхээр ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2023 онд нийт 17 байршилд төрийн үйлчилгээний цэгийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд “Дархан зах”-ын Нийтийн үйлчилгээний нэгдсэн төвд “ХУРДАН” цэгийн төв байрлаж байна.

Related news