ӨВӨРХАНГАЙ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй малчин эцэг, эхийн боловсролыг дээшлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-23 10:47:38

Арвайхээр /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй малчин эцэг, эхчүүдийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх замаар хүүхдийнхээ сурч хөгжих болон сайн сайхан байдлыг дэмжих чадавхыг сайжруулах төсөл манай аймагт 2021 оноос эхлэн хоёр үе шаттай хэрэгжиж дууслаа.

Төслийг хэрэгжүүлэгч Японы Хүүхдийг ивээх сангийн Өвөрхангай салбараас Насан туршийн боловсролын төвтэй хамтран судалгаа хийж, Арвайхээр, Уянга, Хархорин, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан сумаас 90 эцэг, эхийг хамруулан 240 цагийн сургалт хийсэн байна.

Сургалтад хамрагдсан эцэг, эхчүүдийн сонсох, ярих, унших, бичих, бодох тооцоолох чадвар сайжирч, бусадтай харилцах харилцаанд өөрчлөлт гарсан, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн, хүүхдүүдийнхээ боловсролд анхаарал хандуулдаг болсон хэмээн төслийн багаас дүгнэлээ.


Төслийн хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Ишдорж оролцож, тусгай хэрэгцээт бүлгийн хүүхдийн сургууль завсардах байдлыг соргогоор олж харан төсөл хэрэгжүүлж, тэднийг эцэг, эхийнхээ хамт сурч хөгжих боломжийг олгосон төслийн багийнханд талархал илэрхийлсэн юм.

Мөн төсөл хэрэгжүүлж буй сумдын Насан туршийн боловсролын нэгжийн багш нар насанд хүрэгчидтэй ажиллах арга барилаа олж чадсан, цаашид энэхүү арга зүйгээ үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломжтой хэмээн үзэж байна.  

 

Related news