ХОВД: Сүүлийн 10 хоногт коронавирусний халдварын тохиолдол нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-23 15:42:37

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдварын нөхцөл байдал ямар байгаа тухай Эрүүл мэндийн газраас мэдээлэл ирүүллээ.

Тус аймагт 2021-2023 онд нийт 27855 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Судалгаанаас үзэхэд 2023 оны нэгдүгээр сараас хойших хугацаанд тус халдварын тохиолдол буурч, тархалт зогсоод байсан. 

Гэтэл сүүлийн 10 хоногт коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж, 31 тохиолдол шинээр бүртгэжээ.  

2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 нь хүүхэд, 1 жирэмсэн эх байна.

Одоогоор  9 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд ихэвчлэн Омикроны ХВВ дэд хувилбараар өвчилсөн гэж тогтоожээ.

Халдвар авсан зарим иргэд гэрийн тусгаарлалт, ажиглалтад зохих эмчилгээ хийлгэж байна.   

Халдварын илэрч буй шинж тэмдэгүүд гэвэл толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах, хуурай ханиалгах, хамар битүүрэх, үе мөчөөр өвдөх.

Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхийг эмч нар зөвлөлөө. Мөн амны хаалт зүүх, гараа угаах, халдваргүйжүүлэх, олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөв.  

Related news