УВС: Номын баяраар шилдэг уншигчдад Д.Нацагдорж тэмдэг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
sarantsetseg@montsame.mn
2023-05-26 10:01:35

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Төв номын сангаас "Үндэсний бичиг соёл, номын баяр-2023” үйл ажиллагааг "Хүүхэд бүр уншигч" уриатайгаар энэ сарын 19-21-ний өдрүүдэд өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр тус номын сангаас бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор төрөл бүрийн ажлыг зохион байгууллаа.

Тухайлбал, 33 дахь удаагийн номын баярыг угтаж аймгийн Төв номын сангаас "Алтан хонх", "Номын анд", “Тунгаамал”, "Үсэглэлийн хаад", Үндэсний бичгээр урласан бүтээл, Төрийн албан хаагчдын дунд үндэсний бичгээр хурдан уншигч шалгаруулах зэрэг уралдаан тэмцээнийг зохион явуулав.

Номын баярын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 19-нд Гиваан баатрын талбайд болсон бөгөөд энэ үеэр номын төрөлжсөн үзэсгэлэн, уран бийрийн бичвэрийн уралдаан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт "Номын булан" тохижуулж өгөх, “Нэг ном, нэг цонх" ном хандивлах аян, хуучин номын худалдаа, Номын азтан тодруулах сугалаа, "Ойрад аялгаар оньсого таацгаая" бооцоот уралдаан, "Open mic", урлагийн тоглолт болов.

Мөн үеэр Төв номын сангаас уншигчдын дунд зохион байгуулсан номын тэмдэглэл, хавчуурга, хичээнгүй бичиг, сайхан бичигтэн бүтээл, зургийн уралдаан зэрэг бүх төрлийн уралдааны үзэсгэлэн гаргаснаас гадна Улаангом сумын Соёлын төвөөс "Уламжлалт тоглоом наадгай"-н үзэсгэлэн, Хилийн цэргийн 0245-р ангиас "Алдрын танхим" бүтээлийн үзэсгэлэн, ЕБС-ийн номын санч нар үндэсний бичвэр, бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн, Хөдөлмөрийн дээд сургуулийн оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн тус тус гаргасан байна.

Номын баярын нээлтийн үйл ажиллагаанд Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд оролцож, ном уншихын ач тусын талаар хүүхэд багачууд болоод оролцогчдод хандан үг хэллээ. Мөн тэрбээр Д.Нацагдорж тэмдгийн болзол хангасан 10 уншигчид шагналыг нь гардуулсан юм.

Номын баярт давхардсан тоогоор 1500 орчим хүн оролцжээ.

   





Related news