Засгийн газрын өрийн хэмжээг хуулийн дээд хязгаарт барьсан гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-29 11:40:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хуралдаанд оролцож буй гишүүдэд тараасан болохыг байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал үг хэлэв. Төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ 6.5 хувь, Засгийн газрын өрийн нийт хэмжээг хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн байгааг тэрбээр тэмдэглээд, үүн дээр холбогдох тооцооллыг хийхэд Засгийн газрын өрийн нийт хэмжээг хуулийн дээд хязгаарт хүргэхгүйгээр одоогийн түвшиндээ барих боломж бий гэдэг байр суурийг илэрхийлж, төсөл дэх төлөвлөлтөд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэллээ. Ажлын хэсгээс хариулт өгөхдөө Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцах харьцаа нь 2022 онд 52.4 хувьтай, 2023 онд 51.2 хувь байгаа аж. Засгийн газрын өрийн нийт хэмжээг төсөлд хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн хэдий ч заавал тулгах буюу төлөвлөсөн хэмжээнд хүргэх шаардлагагүй, валютын ханш болон бусад эрсдэлт нөхцөл байдлыг тооцоолсны үндсэн дээр хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн гэдгийг тайлбарлалаа.


Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төсвийг төлөвлөхдөө хариуцлагыг дээшлүүлэх, дээрээс нь төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд Засгийн газар, Сангийн яам онцгой анхаарах ёстой хэмээн сануулав. Түүнчлэн Засгийн газрын өрийн нийт хэмжээг хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн байгаа асуудлыг анхаарахын зэрэгцээ орлогын тооцоолол дээр үүсэж байгаа нөхцөл байдлуудыг анхаарч, тооцоолохыг санууллаа. Үүгээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Related news