Төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэхтэй холбоотой хуулийн давхардлыг арилгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-29 15:11:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.


УИХ-аас баталсан цахим хөгжлийг дэмжсэн багц хуулийн хүрээнд болон Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан “бичгээр” гэсэн нэр томьёоны агуулгад цаасан, эсхүл цахим хэлбэрийн аль алиныг нь хамааруулж ойлгохоор заасан. Гэвч бусад салбарын хуулиудад заасны дагуу “бичгээр” гэснийг хэрэгжүүлэхдээ зөвхөн цаасан хэлбэрт байгаа бичгийг тооцож, ойлгож, хэвшиж ирсэн нь мэдээлэл солилцоо, үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд хүндрэл үүсгэж, Монгол Улсын цахим шилжилтийг удаашруулах нөхцөл байдалд хүргэхээр байгааг салбарын сайд онцлов.


Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 430 гаруй хуулийг судалжээ. Эдгээр хуульд зөвхөн “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэж заасан үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байгаа бөгөөд цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэсэн агуулгатай байна. Мөн “цаасаар”, “өөрийн биеэр”, “хуулбар”, “бичгээр хүргүүлнэ” гэж цаасан суурьтай баримт бичгийг шаардсан хэсгүүд ч түгээмэл байгаа аж. Иймд хуулиудад заасан “бичгээр” гэснийг “цаасан, эсхүл цахим хэлбэрээр” гэж өөрчилж, хууль хоорондын нийцлийг хангах, ойлголтын зөрүүг арилгах хэрэгцээ шаардлага үүссэн байна. 


Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, иргэн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийт 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар холбогдох хуулийн төслүүдийг боловсруулжээ. Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгдсэн тайлангаас үзвэл бичиг хэргийн зардалд 25.3 тэрбум төгрөг, шуудан, холбоо, интернэтийн төлбөрт 20.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Түүнчлэн нэг албан бичгийг шуудангаар илгээж, тухайн байгууллага нь хүлээн авахад дунджаар 1-7 өдрийг зарцуулдаг байна. Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсанаас хойш бүртгэлийн байгууллагаас 354.739 тоон гарын үсгийг олгосон ч хэрэглээ хангалтгүй хэвээр байгаа юм.


Хуулийн төслүүд батлагдсанаар иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээ, мэдээллийг цахим хэлбэрээр хүргэх боломжийг нэмэгдүүлж, мэдээлэл дамжуулах, солилцоход цаг хугацаа хэмнэж, зардлыг бууруулах, төрийн үйлчилгээг хялбар, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн цахим баримт бичгийн хэрэглээг дэмжиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтын хэмжээнд үнэлж, эрх зүйн хүчин чадал бий болно гэдгийг төслийн танилцуулгад дурджээ.

Related news