ХОВД: Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад 18 мянга гаруй хүүхэд хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант /МОНЦАМЭ/. Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг Ховд аймагт хийж эхэллээ.
Дэлхийн 100 гаруй улсад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж, дэгдэлт гарч байгаатай холбогдуулан Монгол Улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх, тархах эрсдэл үүсээд байна. Иймээс эрүүл мэндийн байгууллагууд уг өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлжээ.
Улаанбурхан, улаанууд өвчний
эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар
сарын 10-ны өдөр улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Улаанбурхан, улаануудын эсрэг хавсарсан
вакцины нэмэлт дархлаажуулалтад одоо Ховд аймгийн 10 сартайгаас 8 насны нийт 18042 хүүхэд хамрагдах учиртай.
Өнөөдөр Ховд аймгийн Жаргалант
сумын 10 дугаар цэцэрлэгт сурч хүмүүжиж буй хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрлийн
дагуу улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдлаа.
Дархлаажуулалтын вакциныг сум,
өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийх тул бага насны хүүхдээ улаанбурхан
өвчнөөс сэргийлж, дархлаажуулалтад идэвхтэй хамруулахыг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас уриалж байна.