БАЯН-ӨЛГИЙ: Цэцэрлэгийн хүүхдүүд элсээр зураг зурах самбартай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-30 16:05:01

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд элсээр зураг зурах самбар, тоглох орон байртай боллоо.

Тус цэцэрлэгийн хамт олон хүүхдүүдийн дунд "Элсээр тоглоё" аяныг өнгөрсөн 1 сарын хугацаанд өрнүүлжээ. Аяны хүрээнд байгууллагын багш, ажилчид өөрсдийн санаачилгаар хувиасаа тодорхой хэмжээний мөнгө гаргаж, цэцэрлэгийн байранд хүүхдүүд элсээр тоглох тусгай орон байрыг аюулгүй байдлын шаардлагуудыг ханган тохижуулсан байна.

Энэ хүрээнд элсээр зураг зурах зориулалттай 16 ширхэг гэрэлт самбар худалдан авч байрлуулжээ. Мөн бусад хэд хэдэн төрлийн тоглоом суурилуулсан аж.

"Тус ажил нь хүүхдүүдийн төсөөлөн бодох, чөлөөтэй сэтгэх, хамтран ажиллах, бүтээл туурвих ур чадварыг хөгжүүлэх зорилготой. Энэхүү ажлыг ирэх хичээлийн жилд улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа" гэдгийг тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Алтын онцлов.

Элсээр зураг зурах урлаг нь ХХ зууны 70-аад онд АНУ-д үүссэн бөгөөд хүүхдүүдийн ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэдрэл, cудасны үйл ажиллагааг идэвхжүүлэх ач холбогдолтой ажээ.  


Related news